Ёроолдоо хөдөлдөг луутай мөнгөн аяга...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-03-24 15:17:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй үнэт үзмэрүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Дарьгангын алдарт дархчуулын нэг  Дамбын Моломын урласан ёроол дахь луу нь хөдөлдөг мөнгөн аягыг танилцуулж байна.

Дархан Д.Молом нь өөрийн бүтээлдээ найман тахил, дөрвөн хүчтэн, тоонолжин хээ зэрэгт лууг хөөцөлдүүлэн хөдөлгөн урлахдаа маш чадварлаг нэгэн байжээ. Түүний өвөрмөц хийцийг харуулсан бүтээлийн нэг тод жишээ бол энэхүү мөнгөн аяга юм. Аяганы ёроолд лууг хөдөлгөөнтэйгээр урласан төдийгүй лууны цаад талын дэвсгэрийг төгсгөлгүй үргэлжлэхийн бэлгэдэл түмэн наст хээгээр дэвсгэрлэсэн байна. Аяганы туурганд найман тахилыг товойлгон урлаж, доод хүрээгээр давхар хумсан хээгээр чимэглэжээ. Харин аяганы суурины хүрээгээр зээг ороосон эмжээртэй. Тус аяга нь нэг литрийн багтаамжтай аж.


Ард түмнийхээ дунд Шар дархан хэмээн алдаршсан Д.Молом нь 1898 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд энгийн ард Дамбын хоёр дахь хүү нь болон мэндэлжээ. Түүний аав Дамба нь алдартай дархан байсан бөгөөд тэрээр энэ эрдмийг ааваасаа суралцсан байна. Дамба дарханыг шашны эд зүйл хийхдээ дээд зэргийн нарийн уртай хийж чаддаг дархан байсан гэж үздэг байна. Д.Молом аавынхаа энэ  ур ухааныг уламжлан авч, утсан сүлжмэл, давхар хөөмөл, давхар цохилт буюу давхар ухалттай мөнгөн эдлэлүүдийг түлхүү бүтээсэн байдаг. 

Холбоотой мэдээ