Салхи зарим үед 18-20м/с хүртэл ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-24 16:57:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр Баянхонгор аймгийн нийт нутгаар салхи 14-16 м/с, зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Иймд малчид, иргэдийг малын бэлчээрлэлтэд анхаарч, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, малтайгаа уруудах, шуурганд төөрөхөөс урьдчилан сэргийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй, гадагш явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас сануулав.

Мөн жолооч нар шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд зорчихгүй байх, зорчихоор бол тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхаарууллаа.

Түүнээс гадна шуурганы үеэр тог цахилгаан тасрах, гал түймрийн эрсдэл гардаг тул нийт иргэдийг өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.

Холбоотой мэдээ