Автомашин үйлдвэрлэгчид эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-25 11:20:17

ЛОНДОН. /BBC/. Автомашин үйлдвэрлэгчид Засгийн газруудынхаа уриалгыг дагаж, коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед хиймэл амьсгалын аппарат, амны хаалт зэрэг бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар болжээ.


Fiat” компани даваа гаргаас Хятад дахь үйлдвэрүүдийнхээ нэгийг өөрчилж эхэлсэн бөгөөд тус компани сард нэг сая орчим амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ. "Амны хаалтыг ойрын хэдэн долоо хоногийн дотор үйлдвэрлэж эхэлнэ" гэж “Fiat” компанийн захирал Майк Мэнли цахим шуудангаараа дамжуулан мэдээлсэн байна.


Мөн автомашин үйлдвэрлэгч бусад томоохон компаниуд үйлдвэрүүддээ хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. АНУ-ын “General Motors, Ford”, “Tesla”, Японы “Nissan” компани, Их Британи дахь “Formula 1” багууд хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ амлажээ.


АНУ, Европ, Ази дахь автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа юм. Гэсэн хэдий ч тэд хиймэл амьсгалын аппарат гэх мэт эмнэлэгт шаардлагатай бусад тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд тусална гэдгээ илэрхийлсэн байна.


Ford” компани мягмар гарагт мэдэгдэхдээ, бид “GE Healthcare”, 3M” зэрэг эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, автомашинуудад ашигладаг сэнс, зай хураагуур зэрэг эд ангийг хиймэл амьсгалын аппаратад оруулан загварчлахыг зорьж байна гэжээ.


Тэдгээр компанийн үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүд хэзээ бэлэн болох нь хараахан тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч “Ford” компани нэвт харагддаг нүүрний хаалтыг хэдийн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эхний 1000 бүтээгдэхүүнээ Детройт хотын эмнэлгүүдэд энэ долоо хоногт хүргэх төлөвтэй байна. Тус компани энэ долоо хоногт 75 мянга орчим нүүрний хаалт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ