С.Айгүл: Ажиглалтын байранд 22 эмч 7-14 хоногоор тусгаарлагдан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-26 15:40:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт тусгаарлан ажиглаж байгаа хүмүүсийн биеийн байдал болон "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлтэй ярилцлаа.


Баян-Өлгий аймагт одоогоор хэдэн хүнийг тусгаарлан ажиглаж байгаа вэ?

- Нийтдээ найман тусгаарлах байр ажиллаж байна. МСҮТ-ийн дотуур байранд 29, Өлгий сумын зургадугаар бүрэн дунд сургуулийн дотуур байранд 87, Пазилет энэрлийн сангийн дотуур байранд 65, Эмпати сургуулийн дотуур байранд 111, Нэгдэн эмнэлэгт 4, “Өркен” зочид буудалд 10, “Owl Sky” зочид буудалд 16, Авто тээврийн төвд 21, гэртээ тусгаарласан 59, нийтдээ 402 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

 - Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан хүмүүсийн тоо яагаад нэмэгдсэн вэ?

-Нэгдсэн эмнэлэгт "Ковид-19" халдварын сэжгээр нэг иргэнийг өмнө нь тусгаарласан байсан. Гэхдээ лабораторийн шинжилгээгээр халдваргүй болох нь тогтоогдож одоо ажиглалтад байгаа. Харин сүүлд нь нэмэгдсэн гурван хүний тухай хэлэхэд, тусгаарлах байранд байгаа хүмүүсийн дунд 8 сартай жирэмсэн эх байсан. Төрөх хугацаа нь дөхсөн тул Өлгий сумын зургадугаар сургуулийн дотуур байрнаас Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн 80 настай нэг иргэн хөлөө гэмтээсэн байсан тул Пазилетийн дотуур байрнаас Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн байгаа. Харин гурав дахь хүн бол зүрх, судасны архаг өвчтэй бөгөөд хуучин өвчин нь сэдэрч, даралт нь нэмэгдсэнээс нарийн мэргэжлийн эмчийн хяналтад оруулж эмчилж байна.

 - Тусгаарласан хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?

- Эдгээр хүмүүсийн дотор халуурсан шинж тэмдэг байхгүй. Зарим хүмүүст архаг өвчний сэдрэлтүүд байгаа. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар тэдэнд тухай бүрт нь очиж зөвлөгөө өгч байна.

Тусгаарлах байранд хэдэн эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна?

- Дээр дурдсан найман ажиглалтын байранд 22 эмч 7-14 хоногоор тусгаарлагдан ажиллаж байна. Тусгаарлагдсан хүмүүст хамгийн ойр ажиллаж байгаа хүмүүс бол манай эрүүл мэндийн ажилтнууд болон Онцгой байдлын алба хаагчид юм.  

Тусгаарлах байранд байгаа хүмүүсийн дунд өөр жирэмсэн эх байна уу?

- Бас нэг жирэмсэн эх тусгаарлах байранд гэр бүлтэйгээ байгаа. Биеийн байдал нь сайн.

Гэр гэрт нь тусгаарласан хүмүүсийн ажиглалтын хугацаа хэзээ дуусах вэ?

- Гэртээ тусгаарласан хүмүүст харьяа Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Ямар нэгэн өвчний шинж тэмдэг, зовуурь илэрсэн хүн байхгүй. Нэг иргэн цээжээр өвдөх зовуурьтай байсан тул мэс заслын эмчийн зөвлөгөөгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар болсон. Эдгээр хүмүүсийн ажиглалтын 14 хоногийн хугацаа өнөөдөр буюу энэ сарын 26-ны 00:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл 27-ны өдрийн өглөөнөөс эхлэн ажил хэргээ хэвийн үргэлжлүүлж болно гэсэн үг. Гэхдээ өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрэх тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байгаа.

 - Тусгаарлах байранд 22 эмч ажиллаж байна гэж дээр хэллээ. Ер нь хүн хүчээ яаж зохицуулж байна?

 - Найман тусгаарлах байранд аймгийн Эрүүл мэндийн газраас 1 эмч,  Нэгдсэн эмнэлгээс 3 эмч, Бугат сумын Эрүүл мэндийн төвийн 1 эмч, бусад нь аймгийн төвийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар байна. Бидний баримталж байгаа бодлого бол ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэг гол ачааг үүрэх учраас тэдний хүчийг шавхахгүй байгаа. Одоогоор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нараас баг бүрдүүлэн ажиллуулж байна.

Цагааннуурын боомтоор орох иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан. Одоо тусгаарлах байранд нэмж хүн авах асуудал гарах уу?

- Тэрийг хэлж мэдэхгүй байна. Өнөөдрөөс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэн. Орон нутгийн нислэг хэвийн байгаа нөхцөлд халуурсан, бүлээрсэн хүмүүс гарахыг үгүйсгэхгүй.   

Тус аймагт одоо хэдэн хүнийг нэмж тусгаарлах нөөц боломж байгаа вэ?

- Аймгийн “Сансар” эмнэлгийг тусгаарлах байр болгон ашиглах төлөвлөлттэй байна. Тухайн эмнэлэг нь 40 ортой. Гэхдээ нийт хүчин чадлаар нь ашиглах боломжгүй. Учир нь журмаараа ор хоорондын зай 1 метр байх тул 30 ороор л ажиллах боломжтой. Аймгийн Засаг даргын Тамгын газарт дөрвөн ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүнээс Төлөвлөлтийн ажлын хэсэг цаашид тусгаарлах байрыг хаана байрлуулах боломжтой вэ гэдгийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж зохион байгуулж байна. Одоогоор 3 зочид буудал санал тавьсан байна. Үүнээс 2 зочид буудлыг тусгаарлах байр болгон ашиглах боломжтой гэж үзээд байгаа.

 - Эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нөөц хэр байна?

 - Бид нөөцөө аймгийн Онцгой байдлын газарт төвлөрүүлсэн. Гэхдээ энэ сарын 15-наас ерөнхий нөөц маань дуусаад, Эрүүл мэндийн газрын нөөцийг хэрэглэж байгаа. Одоо энэ байдлаараа ажиллахад эрүүл мэндийн ажилчдыг хамгаалалтын бүрэн хувцсаар хангах 3-5 хоногийн л  нөөц байна.

 - Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

 - Аймгийн Онцгой комиссын дэргэд Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Шуурхай штаб ажиллаж байгаа. Шуурхай штабаас “Монос” компанид захиалгаа өгсөөд, эхний байдлаар татан авалтаа хийж байна.

Тусгаарлах байранд хүмүүс хамгийн сүүлд хэзээ орсон вэ?

- Энэ сарын 24-ний өдөр орсон.

Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр орж ирсэн нэг иргэнийг халуунтай байна гэж тусгаарласан. Одоо тухайн иргэний биеийн байдал ямар байна?

 - Уушгины хатгаа гэсэн онош тавигдсан. Сүүлийн 5 хоногийн хугацаанд халуураагүй. Өвчний шинж тэмдэг нь харьцангуй багассан, биеийн байдал нь сайн байгаа. Хоёр удаа сорьц шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсан. Бүгд халдваргүй гэж гарсан. Ажиглалтын хугацаа нь энэ сарын 28-ны өдөр дуусна.

 - Одоо манай аймгаас ХӨСҮТ-д шинжлүүлэхээр явуулсан сорьц байна уу?

 - Шинжилгээний явуулсан дээж байхгүй. Өмнө нь 4 удаа шинжилгээ явуулж байсан. Бүгд сөрөг гарсан байгаа.

 - Ярилцлага өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ