Барилгын материал үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-29 14:09:24

Барилгын салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлах, аж ахуйн нэгжүүдийг гадаадын хөрөнгө оруулагчтай холбох зорилго бүхий “Барилга Экспо 2016” олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Барилгын материал” үзэсгэлэнгээр эхэллээ.

“Барилга Экспо 2016” олон улсын үзэсгэлэн нь хоёр үе шаттай болох бөгөөд үүний эхний үе болох “Барилгын материал” үзэсгэлэн энэ сарын 29-нөөс ирэх сарын нэгэн хүртэл Мишээл Экспо төвд болно. Хоёр дахь шат нь “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэн Мишээл Экспо төвд ирэх сарын 6-8-нд болох юм.

Монголд эдийн засгийн хүндрэл бий болсонтой холбогдуулан барилгын салбар уналтад ороод буй.Тиймээс Засгийн газраас энэ салбарын уналтыг зогсоох, борлуулалтыг нэмэх зорилгоор хэд хэдэн алхам хийгээд байгаа юм. Тухайлбал, орон сууцны 8 болон 5 хувийн хүүтэй зээлийг нэрлэж болох юм. Мөн Засгийн газрын хуралдаанаар Монголд үйлдвэрлэж буй барилгын материалтай ижил төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлсэн. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжүүд дотоодын үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ. 2014 онд нийт 26 мянга орчим орон сууц ашиглалтад орсон. Гэвч ихэнх орон сууц өдийг хүртэл борлуулагдаагүй байгаа бөгөөд цаашдаа “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулах замаар худалдан авалтыг нэмэхээр төлөвлөж байна хэмээн БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Болортуяа “Барилгын материал” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлов.

Өнөөдрийн үзэсгэлэнд дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдээс гадна ОХУ, БНХАУ, Япон, Австри, Герман зэрэг 10 орны 120 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Харин ирэх долоо хоногт болох “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө” үзэсгэлэнд нийслэлд баригдаад буй 100 гаруй орон сууцны танилцуулга, худалаа болох юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ