Испанид халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг чангатгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-30 11:05:52

МАДРИД. /Reuters/. Испанийн Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хөл хорио тогтоосноос хойш хоёр долоо хоног өнгөрөөд байгаа энэ үед халдварын тохиолдлын тоо 24 цагийн дотор 6528-аар, нас барсан хүний тоо 838-аар нэмэгджээ.


Халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоогоор Италийн араас бичигдэж буй Испанид халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 72248-аас 78797 болж өссөн байна. 


Испанийн Ерөнхий сайд Педро Санчез ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ, онцын шаардлагагүй бүх ажилтан гэртээ хоёр долоо хоног байх хэрэгтэй гэж мэдэгджээ. Өнөөдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 9 хүртэл мөрдөх уг арга хэмжээний дагуу ажилтнууд ердийн цалингаа авах боловч ажиллаагүй цагаа сүүлд нөхөх шаардлагатай ажээ.


Хөдөлмөрийн сайд Иоланда Диазын хэлснээр, энэхүү арга хэмжээ нь “уян хатан” нөхцөлтэй бөгөөд ажилтнууд ажиллаагүй цагаа 12 дугаар сарын 31-нээс өмнө нөхөх боломжтой ажээ. “Бид хөл хөдөлгөөнийг ням гаргуудынхтай ижил түвшинд хүргэж бууруулах шаардлагатай” гэж тэрбээр хэлээд, уг арга хэмжээний хугацаанд Улаан өндөгний баярын амралт багтаж байгаа тул ажлын найман өдрийг хамарна гэж мэдэгджээ.


Испанид халдварын тархалтыг хязгаарлах үүднээс энэ сарын 14-нөөс хойш сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, цэнгээний газрууд, зоогийн газрууд болон онцын шаардлагагүй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүдийг хаасан бөгөөд хүн амын дийлэнх нь гэрээсээ гарахаас зайлсхийж байгаа юм. 

Холбоотой мэдээ