Ариутгалыг 14 хоногт нэг удаа хийнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-04-01 15:53:44

Завхан /МОНЦАМЭ/. Улиастай сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний албанаас хамтран Улиастай сумын нийтийн орон сууцны 75 орц, шатны хонгил, таван хог түр хадгалах цэгийг ариутгажээ. Түүнчлэн зургаан багийн иргэдийн хөгжлийн төв, Улиастай сумын ЗДТГ-ын байрыг ариутгаж халдваргүйжүүлсэн байна.

Тус сумаас 11 ажилчин, хоёр техниктэйгээр 950 литр ариутгагч бодисоор ариутгалын ажлыг хийсэн бөгөөд 14 хоногт нэг удаа хийхээр төлөвлөжээ.

Мөн сумын ЗДТГ дээр COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх 24 цагийн штабыг ажиллуулж төрийн үйлчилгээг авч буй иргэдэд халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг өгч байна. Манай сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 300 ширхэг амны хаалт, 50 ширхэг гар ариутгагч санитолыг хандивласан байгаа. Энэхүү хандивыг 24 цагаар ажиллаж буй шуурхай штабын бүрэлдэхүүн, шаардлагатай тохиолдолд хэрэглэхээр нөөцлөөд байна. 

Төв замыг ариутгажээ

Ташрамд, өнгөрсөн долоо хоногт аймгийн төвийн нийтийн эзэмшлийн 23 км авто замыг ариутгаж халдваргүйжүүлжээ. Мөн энэ сарын 3-5-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах юм байна.

Энэ ажлын хүрээнд Хот тохижилт үйлчилгээний газраас нийтийн эзэмшлийн зам талбайн эзэнгүй хогийг цэвэрлэж ариутгалын ажлыг хийх юм байна.

Айл өрх бүрийг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэлийг өдөр бүр хийхийг Улиастай сумын ЗДТГ-аас уриалж байна. Зоонозын өвчин судлалын төвөөс айл өрх бүрийг хэрхэн ямар зааварчилгаагаар ариутгалыг хийх зөвлөгөө, тайлбар бүхий зурагт хуудсыг хэвлэж тараан өгсөн. Завхан аймагт ариутгал халдваргүйтгэл хийдэг мэргэжлийн гурван байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс айл өрх, албан байгууллагууд дээрх компаниудад хүсэлт тавьж ариутгал хийлгэж болох юм байна. Мөн өөрсдөө заавар зөвлөгөөний дагуу амьдарч буй орчноо халдваргүйжүүлж болох юм хэмээн Улиастай сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ