Нэгэн үеийн төгсөгчид Дотрын тасагт хөрөнгө оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-30 13:13:06

1990 онд 8 дугаар анги, 1992 онд 10 дугаар ангиа төгссөн нэгэн үеийн төгсөгчид аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт дутагдаж байсан хүчил төрөгчийн аппаратыг хандивлав.

Хүчилтөрөгчийн хоёр аппаратаас гадна цэр соруулагч аппарат, эмнэлэгийн стандартын таван ор авч өгсөн байна. Үүнд зориулан төгсөгчид 9 орчим сая төгрөгийн хандив хуримтлуулжээ.

Дотрын тасгийн хүчил төрөгчийн аппарат эвдэрсэн тул эрчимт эмчилгээний тасгийн аппаратыг дундаа хэрэглэдэг байсан бөгөөд хүчилтөрөгчийн аппарат нэн шаардлагатай болоод байсан энэ үед төгсөгчдийн хандив нүдээ олсон хөрөнгө оруулалт болж байгааг тус тасгийн эрхлэгч н. Буяндэлгэр хэллээ.

Хандивыг санаачилсан “Эрдмийн далай” сургуулийн 1992 оны 10г ангийг төлөөлөн төгсөгч Г. Баярсайхан хэлэхдээ, “ Бидний санаачилсан аянд “Эрдмийн далай” сургуулиас гадна “Говийн ирээдүй” сургууль, Хулд, Эрдэнэдалай сумын сургуулийн 8, 10- р ангийг 1990, 1992 онд төгссөн ангийнхан нэгдсэн. Хамгийн хол нь БНСУ- д ажиллаж амьдарч байгаа төгсөгчид нэг бүр нь 145 мянган төгрөгийн үнэтэй дуслын шингэн тогтоогч хоёр хөл илгээсэн. Он оны төгсөлтөөрөө уулзалддаг явдал өргөн дэлгэр болж байгаа энэ үед анги хамт олноороо, нэг үеийн төгсөлтөөрөө орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулдаг байхад санаа авахуйц ажил болгох үүднээс манай анги энэ хандивыг өрнүүлсэн” гэв.

Төгсөгчид мөн дотрын тасгийн 45 метр урт коридорт хулдаас дэвсч, зурагт, ус буцалгагч, аяганы шүүгээ зэрэг хэвтэн эмчлүүлэгчдийн ая  тухыг хангахад зориулсан эд зүйлсийг Дотрын тасагт өгчээ.  

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ