Ажиглалтаас ирсэн иргэний биеийн байдал тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-03 14:45:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Онцгой комисс хуралдаж, эмзэг бүлгийн 3400 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх, нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх зэргээр тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.

Холбогдох байгууллагууд хамтран нийтийн эзэмшлийн зам, талбай, багууд дахь хүүхдийн тоглоомын талбай, ЕБС-ийн гадна орчин, нийтийн тээврийн автобус, орон сууцны орц, хонгилд ариутгал, халдваргүйтгэлийг дахин хийлээ.

Өнгөрөгч 3 дугаар сард аймгийн хэмжээнд зөрчлийн гомдол, мэдээлэл өсч, гэмт хэрэг буурсан байна. Хорио цээрийн дэглэм тогтоож, хөдөлгөөн хязгаарласан, хяналт шалгалтыг сайжруулсантай холбоотойгоор зөрчлийн илрүүлэлт нэмэгдэж, тоон үзүүлэлт өсчээ. Харин архи, согтууруулах ундааг худалдах, үйлчлэхийг хориглосон шийдвэрийн үр дүнд гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 46.2 хувиар буураад байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиглалтад байсан нэг иргэн Уянга суманд ирсэн бөгөөд биеийн байдал тогтвортой, байнгын хяналтад байгаа аж. Бэлэн байдлыг хангах зорилгоор МСҮТ, сургуулийн дотуур байранд 300 орыг бэлтгэж, эмч, мэргэжилтэн, ажилтнуудыг сургалтад хамруулаад байгаа юм.

COVID-19 халдвар ямар нэг шинж тэмдэггүйгээр халдварлах тохиолдол илэрч байгаа учраас анхаарал, сэрэмжтэй байж, амны хаалтаа сайтар зүүх, олон нийтийн газраар явахгүй байхыг нийт иргэдэд анхаарууллаа.

Холбоотой мэдээ