Аж ахуйн нэгжийн тооллого 87.1 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-01 02:17:43

Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг таван жилд нэг удаа явуулж байхаар заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого орон даяар явуулж байна. Уг тооллогын ажил Дархан-Уул аймагт одоогийн байдлаар 87.1 хувьтай явагдаж байгаа талаар аймгийн Бүртгэл, Статистикийн газраас мэдээллээ.

Тус аймагт 3498 аж ахуйн нэгж, байгууллага тооллогод хамрагдах ёстой. Энэ сарын 29-ний байдлаар 3045 нь бүртгүүлсэн буюу тооллого 87.1 хувьтай явагдаж байгаа талаар аймгийн Бүртгэл, Статистикийн газраас мэдээллээ. Үүнээс Орхон сум 98.9 хувьтай, Шарын гол сум 98 хувьтай, Хонгор сум 97.5 хувьтай бүртгэгдсэн бол 3097 ААНБ-тай Дархан сум 2652 буюу 85.6 хувьтай тооллогод хамрагдаад байна.

Аймгийн СХ-ийн дарга н.Дэмид-Очир:-“Аж ахуйн нэгжүүдийн тоог бодитой тодорхойлж, статистикийн мэдээлэлд бүрэн хамруулж тэдний байршил, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тогтоох үндсэн дээр тус улсын эдийн засгийн чиг хандлагыг тогтооход тооллого ач холбогдолтой. Уг тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн хэлбэр болон байгууллагын хариуцлагын бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Тухайлбал: нөхөрлөл, хоршоо, хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани, төрийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллага, төрийн бус байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгжүүд хамрагдана. Тооллогыг явуулах технологийн хувьд бүртгэлд суурилсан аргыг голлох боловч уламжлалт аргыг хослуулан явуулж байна. Гааль, татварын ерөнхий газарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа онлайнаар тайлагнадаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг онлайн буюу бүртгэлд суурилсан хэлбэрээр шууд хамруулах ба уламжлалт аргаар тооллогын асуулгыг танилцуулж байгууллагын удирдлага, бусад холбогдох ажилтнуудтай хамтарч нөхөх судалгааг давхар гүйцэтгэж байгаа” гэв. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ