Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Бургастай" боомтод ажиллалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-06 14:52:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Бургастай боомтыг нээж, экспортын ачаа тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын дөрвөнд тус боомтод ажиллалаа.    

   

Ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гишүүд, хилийн хяналтын байгууллагууд, “Алтайн хүдэр” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийсэн бөгөөд мөн үеэр авто замын боомтоор төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсан юм. Холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтаар мөрдөн ажиллах зохион байгуулалтын схемийг баталж, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хилийн цэргийн 0124 дүгээр анги, Гаалийн хорооны удирдлага болон холбогдох алба хаагчдад мөн “Алтайн хүдэр” ХХК-ийн удирдлагуудад хэд хэдэн үүрэг, даалгавар өгчээ.

Тодруулбал:

-Сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн иргэдийг тусгайрлах байрыг бэлтгэх, хаягжуулах, бүс татах, бие засах газар, хогийн цэг байгуулах ажлыг МХГ, ЭМГ-ын хяналт дор зохион байгуулах,

-Тээврийн хэрэгслийн ариутгалын цэгийг хилийн боомтод байгуулж, салхинаас хамгаалж, битүүлэх ажлыг хийх, ариутгалын бодисын 30 хоногийн нөөц бүрдүүлэх, ариутгалын усаар хангах,

-Ариутгалын пунктын хажууд Мэргэжлийн хяналтын байцаагч болон хил хамгаалах байгууллагын ажилтнууд түр байрлаж ажиллах зөөврийн байр байгуулах,

-Боомтод ээлжээр ажиллах эмч нарын хоол, байр, сум хоорондын унааны зардлын асуудлыг хариуцах,

-Боомтод ажиллаж буй хилийн хяналтын байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг хамгаалах хувцас, хэрэглэлээр хангах,

-Хятад жолооч нарт зориулсан санамжийг бэлтгэж тэврийн хэрэгслийн бүхээгт байршуулах, ариутгалын цэгт орчуулагч ажиллуулах,

-Төмрийн хүдрийн тээвэрлэлт гүйцэтгэх автомашинуудын бүхээгийн хөргөлтийн системийг ажиллагаатай байлгах асуудлыг БНХАУ-ын талд танилцуулж шийдвэрлүүлэх,

-Сэжигтэй тохиолдол илэрсэн үед Хятадын талын тээврийн хэрэгслийг буцаах зам, талбай засаж бэлтгэх,

-Хятадын талын тээврийн хэрэгсэл Монголын нутагт эвдэрсэн тохиолдолд жолоочийг автомашинаас буулгахгүйгээр буцаан гаргах зохицуулалтын арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллах,

-"Цэг-1" дээр сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн иргэнтэй харьцсан хилийн хяналтын байгууллагын ажилтныг тусгаарах байранд хүргэх, тусгай зам гаргаж, тэмдэгжүүлэх үүрэг даалгаврыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхийг даалгасан байна.


Үүрэг даалгавар бүрэн хэрэгжсэн тухай "Алтайн хүдэр” ХХК-аас Говь-Алтай аймгийн Онцгой комисст мэдэгдсэний дараа ажлын гурав хоногт багтаан шалгаж, бэлтгэл бүрэн хангагдсан тохиолдолд боомтыг нээх асуудлыг Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хил хамгаалах Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн Ерөнхий газар албан ёсоор мэдэгдэж, шийдвэрлэхээр тогтов.

Холбоотой мэдээ