2745 тонн улаан буудайн үр шаардагдах тооцоо гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-06 09:07:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хаврын тариалалтыг 11500 га-д үр тариа, 584 га-д төмс, 1502 га-д хүнсний ногоо, 3500 га-д тосны ургамал, 650 га-д малын тэжээл нийтдээ 17738 га-д тариалалт хийхээр тооцоо гаргажээ.

Түүнчлэн 16100 тонн буудай, 7008 тонн төмс, 18018 тонн хүнсний ногоо, 1350 тонн тосны ургамал тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн аж. Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 112 аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 32 аж ахуйн нэгж, 3200 өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж байгаа аж. Тариалах талбай, шаардагдах үрийн захиалгыг ХХААХҮЯ-ны ХААДСАА-нд хүснэгтийн дагуу гаргаж хүргүүлсэн байна. Судалгаагаар 2020 оны хаврын тариалалтад 90 аж ахуйн нэгж, иргэний 18444.1 га талбайд 2745 тонн буудайн үр шаардагдах тооцоо гарчээ. Үүнээс нөөцөлсөн үр 1100 тн, дутагдаж байгаа үр 1823 тонн байгаа дүнтэй байна. 

Аймгийн УЦУОШГ-аас хийсэн 2020 оны хаврын хөрсний угтвар чийгийг намар хөрс хөлдөхийн өмнөх чийгийн нөөц, 2019-2020 оны өвлийн цасан бүрхүүлийн зузаан, хөрсний чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан тооцож үнэлсэн байна. Энэхүү үнэлгээгээр 2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн урьдчилсан тооцоогоор уриншилсан талбайн хөрсний 0-20 см гүний Цайдамын талбайн чийгийн хангалт дунд зэрэг, бусад талбай бүх гүндээ хангалттай чийгтэй, гуурстай талбайнуудаас 0-20 см гүнд Цайдамын талбайд хангалтгүй, Алтангадасын талбайд дунд зэрэг, 6-р бригадын талбайн чийг хангалттай, 0-50 см гүнд Цайдамын талбай дунд зэрэг, бусад талбайд чийгийн хангалт сайн, бэлчээрийн талбайд бүх гүндээ хангалтгүй байхаар урьдчилсан төлөв гарчээ.

Аймгийн хэмжээнд үр тариа, төмс хүнсний ногооны зориулалттай хашаажуулсан нийт талбай 8917 га байна. Үүнээс улсын төсвөөс 177.2 сая төгрөг, орон нутгийн төсвөөс 436.0 сая, хувийн хэвшлээс 282.45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хашаажуулах арга хэмжээнд зарцуулсан дүнтэй байна. Тариалалтад зүтгэх хүчний трактор 116, үр тарианы үрлүүр 85, хөрс боловсруулах техник 304, төмс хүнсний ногооны үрлүүр 15 ажиллах бөгөөд техник засварын ажил хийж байгаа аж.

ХХААХҮЯ-наас Усалгаа, үр тариа, тэжээлийн таримлын техникийн шинэчлэл хийж усалгаатай тариаланг хөгжүүлэн үр тариа, тэжээл, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой нэр төрлийн ХАА-н техникүүдийг урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгохоор ажиллаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ