Хадлангийн талбайг уснаас хамгаалах ажил өрнөж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-06 12:43:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг бол хадлангийн гол бүс юм.  

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Ховд голын ус хэд хэдэн газраар тэлж, хальснаас хадлангийн талбайн 60-70 хувь нь усанд автаж намагших болсон. Энэ нь нутгийн иргэд хадлан бэлтгэх ажилд сөрөг нөлөө үзүүлсээр иржээ.

Тиймээс Мянгад сумын иргэдийн санал хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хадлангийн талбайг үер, уснаас хамгаалах зорилгоор  далан босгох, усны хаалт хийх ажил эхэлсэн байна.

Ингэхдээ Мянгад сумын Цагаан булан багийн Лодойн тохой, Хайр буурь, Багалзуур зэрэг дөрвөн газарт 250 метр далан босгож, усны хаалт хийж буй.

Тус ажлыг услалтын систем барьж байгуулсан туршлага бүхий компани хариуцан гүйцэтгэж байгаа. Улмаар энэ ажлын явцад орон нутгийн 30 орчим залууг ажлын байраар хангажээ.

Энэхүү ажлын үр дүнд тус багийн нийт нутаг дэсгэрийн 50 хувийг үерийн уснаас хамгаалах боломж бүрдэнэ. Цаашлаад хадлан ургацын хэмжээ нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ