БНАСАУ-ын парламентын чуулганы горимыг хялбаршуулж магадгүй

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-04-07 13:10:39

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтыг гаргаж байгаатай холбогдуулан удахгүй болох парламентын чуулганы горимыг хялбаршуулах төлөвтэй байна гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгч мэдээллээ.


Ардын дээд хурлын чуулган энэ долоо хоногийн баасан гарагт болох юм. Пёньян “COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан үед энэ жилийн чуулган болж байна.


Депутатууд ердийн үед Ардын дээд хурлын чуулганд нэг эсвэл хоёр өдрийн өмнө бүртгүүлдэг бол энэ удаа чуулган болох өдөр бүртгүүлэх төлөвтэй байгаа аж. Мөн “COVID-19” халдварын улмаас чуулгантай холбоотой бусад үйл ажиллагааг ч мөн хялбаршуулах магадлалтай байна гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.


Ардын дээд хурлын чуулганд оролцож буй депутатууд “Kumsusan” ордон, музейнүүд болон бусад газраар зочилдог бол энэ жил уг үйл ажиллагааг зохион байгуулах юм уу цуцлах эсэх нь тодорхойгүй байна.


БНАСАУ парламентын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сард нэг удаа зохион байгуулж, гол бодлогууд, боловсон хүчний сэлгээ, төсвийн талаар хэлэлцдэг юм. Харин өнгөрсөн онд парламентын чуулганыг хоёр удаа буюу дөрөв болон наймдугаар сард зохион байгуулжээ.


БНАСАУ-д коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй боловч тус улсад өндөржүүлсэн байдал тогтоож, хилүүдээ хааж, хөл хорионы арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.


Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, парламентын чуулганаар олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах төсвийг нэмэгдүүлж магадгүй аж. Тус улсын олон нийтийн эрүүл мэндийн төсөв сүүлийн хоёр жилд дунджаар зургаа орчим хувиар өссөн байна.


Удахгүй болох чуулганд удирдагч Ким Жөн Ун оролцох эсэх нь тодорхойгүй байна. 2011 оны сүүлээр төрийн эрхийг барьж эхэлснээсээ хойш Ардын дээд хурлын 11 чуулганы долоод оролцсон тэрбээр өнгөрсөн оны чуулганы үеэр цөмийн хэлэлцээнд шинэ санал тавихыг Вашингтонд уриалжээ. 

Холбоотой мэдээ