Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-07 16:41:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ. 


УИХ-аас тус хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар, анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн танилцуулгадаа онцлов. УИХ-аас ноднин 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн. Иймд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулахад тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсныг дурдлаа.     


Хуулийн төсөл батлагдсанаар, Төрийн аудитын байгууллагын аудит хийх шалгалтын ажлыг үр дүнтэй, хараат бус, бие даасан, хууль зүй, эдийн засаг, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгаа хангагдаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно гэж төсөл санаачлагч үзжээ. Мөн Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болж, төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.  


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Холбоотой мэдээ