Эмэгтэйчүүд аз жаргалтай гэр бүлийн төлөө нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-08 21:35:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газар \ХХҮГ\-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын эмэгтэй сэтгүүлчдийн төлөөлөл 10 гаруй хүн оролцсон юм.

Энэ үеэр нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоотойгоор эерэг хандлага нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх боломжуудын талаар нээлттэй ярилцсан.

Улмаар аймгийн ХХҮГ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл, сэтгүүлч эмэгтэйчүүд хамтран хэд хэдэн ажлыг үе шаттай зохион байгуулахаар болов.

Тодруулбал, олны танил биш, өөрийн хүч хөдөлмөрийн үр шимээр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй эмэгтэйчүүдийг сонгон авч, бусдад үлгэрлэх гэр бүлийн зөв дадал, хэвшлийг нийтэд түгээнэ. Мөн өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйд туслах замаар тогтмол ажлын байраар хангах, хүүхдүүдийг нь сургууль, цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлнэ. Түүнчлэн гэр бүлийн орчин дахь цахим хэрэглээг багасгах уриалга гаргах, бүтэн өнчин хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аян өрнүүлнэ. Эмэгтэйчүүдийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах замаар орлогыг нэмэгдүүлэх бөгөөд “Би ээжээсээ үүнийг сурсан” сэдэвт ээж, охидын өдөрлөг, “Танд юу байна, түүгээрээ бусдад тусалъя” аян өрнүүлэх гэх мэт ажлыг энэ онд  тусгай хуваарийн дагуу хамтран  зохион байгуулахаар шийдвэрлэлээ.  

Эдгээр ажлын үр дүнд орон нутгийнхаа бүтээлч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар манлайллыг бий болгох, хүүхдийн төлөвшилд эерэгээр нөлөөлөх, гэр бүлийн орчин дахь харилцаа, хандлагыг сайжруулах боломж бүрдэх давуу талтай гэж оролцогчид үзэж байв.

  

Холбоотой мэдээ