Нийслэлийн бүх өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-09 13:49:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймагт Тавантолгой түлш компанийн Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох уг үйлдвэр жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж.


Улаанбаатар хот жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Харин өнгөрсөн оноос нийслэлийн төвийн 6 дүүргийн 600 мянган тонн түлшийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сайжруулсан шахмал түлний үйлдвэрээс хангаж буй юм. Шинэ үйлдвэрийг байгуулснаар Гачуурт, Налайх, Багануур, Багахангай зэрэг хотын төвөөс хол бүсийн айл өрхүүдийн 600 мянган тонн түлшний хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно хэмээн Засгийн газар тооцоолж буй юм. Ингэснээр дээрх бүсүүдэд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хориглож, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар зөвхөн сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм.



Үйлдвэрийн шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Монгол Улсад жилд 2000-2500 хүн ханиад томуу, хорт хавдар зэрэг агаарын бохирдлоос шалтгаалсан өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа бий. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг бид 20 жил ярьсан. 20 жил ярьсан асуудлыг хоёр жилийн дотор шийдвэрлэж болдог гэдгийг бид харж байна. 2019 тавдугаар сарын нийслэлд түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглох шийдвэр гаргахад эргэлзэж байсан хүмүүс олон. 220 мянган айлыг түлшээр хангана гэдэг том асуудал. Шийдвэрээ хэрэгжүүлэх явцад олон асуудал тулгамдаж, хүний амь нас үрэгдсэн хэдий ч бид зорилгоосоо ухраагүй тул өнөөдөр үр дүнг нь үзэж, утааг 50 хувь бууруулсан. Харин шинэ үйлдвэр барьснаар дахин 20-30 бууруулах боломж бүрдэнэ” гэлээ.



Ашиглалтад орсноор 1000-1500 хүнийг ажлын байраар хангах уг үйлдвэрийг  Налайх дүүрэгтэй хаяа залгаа Төв аймгийн нутагт, төмөр зам дагуу байгуулсан нь мөн хэд хэдэн ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд онцлов. Тухайлбал, Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам ашиглалтад орсны дараа шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойгоос төмөр замаар тээвэрлэх, улмаар үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг нийслэл рүү тээвэрлэхэд хялбар болно хэмээн тооцсон байна. Цаашдаа аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулах төслийг Засгийн газар боловсруулж байгаа аж.


Шав тавих ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.





Холбоотой мэдээ