Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорноговь, Улаанбаатараас цэрэг татахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-09 15:31:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар, Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотоос 2020 оны ээлжит цэрэг татлага зохион байгуулахгүй байх шийдвэр гарсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэв. 


Цэрэг татлагын энэ оны хяналтын тоог Засгийн газраас тогтоосон ч шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ тоог хязгаарлах шаардлагатай байгаа аж. Сайд Н.Энхболд хэлэхдээ, "Хилийн боомттой болон иргэдийг тусгаарлаж байгаа буюу Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотоос цэрэг татахгүй байх шийдвэр гаргалаа. Цэрэг халагдсанаар, зайлшгүй шаардлагаар хил дээр алба хаах цэргийн тоо багасаж таарахгүй. Тиймээс гол төлөв хилийн цэрэг болон зэвсэгт хүчний нэг тусгай ангид шаардлагатай цэргийг нөхөн татах ажлыг хийнэ. Онцгой дэглэмийн үед тавьж буй шаардлагын дагуу нэг дор 5 хүнийг цуглуулахгүйгээр цэрэг бүртгэх, эрүүл мэндийн үзлэгт оруулах, ачих, тээвэрлэх ажлыг нарийн зохион байгуулалттай төлөвлөж хийхээр шийдвэрлэлээ" хэмээв. 


Мөн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны "Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй хэмээн мэдэгдлээ. 


Харин сургууль, цэцэрлэгийн сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох Ерөнхий сайдын чиглэлийн дагуу БСШУСЯ-нд ажлын баг судалгаа хийж байна. Судалгаа, дүгнэлт гарсны дараа энэ асуудлыг хэлэлцэхээр хойшлуулжээ. 


Тусгай нислэгийн хувьд, цаашид боломжийн хэрээр тухай бүрт нь шийдвэрлэн нисгэхээр төлөвлөж байгааг онцлов. Ингэхдээ өмнө нь тавьсан шаардлагын адил, өндөр настай, жирэмсэн, хүүхэдтэй, эрүүл мэндийн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг эх оронд нь татаж авна гэдгийг тэмдэглэв. 

Холбоотой мэдээ