Борис Жонсоныг энгийн тасаг руу шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-10 11:23:52

ЛОНДОН. /BBC/.  Коронавирусний халдвар авч, улмаар эмнэлэгт хүргэгдсэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


"Ерөнхий сайд пүрэв гаргийн орой эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжсэн. Түүний биеийн байдлыг сайтар ажиглаж байна. Борис Жонсоны сэтгэл санаа өөдрөг байгаа" гэж Их Британийн Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.


Өдгөө 55 настай Жонсон халдвар авснаа гуравдугаар сарын 27-нд анх мэдэгдсэн юм. Тэрбээр өөрийгөө тусгаарласан боловч халдварын шинж тэмдгүүд илэрсэн хэвээр байсан тул өнгөрсөн ням гарагт эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд даваа гарагт биеийн байдал нь муудаж, эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн байна. 


Тэрбээр Лондон хотын Сент-Томас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд Их Британийн Засгийн газар Ерөнхий сайдынх нь биеийн байдал тогтворжиж байгаа талаар нэг бус удаа мэдэгдэж байв. Борис Жонсон ухаан алдаагүй, мөн хиймэл амьсгалын аппаратад ороогүй гэдгийг онцлон мэдэгдэж байсан юм.


Борис Жонсоныг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд Их Британийн Засгийн газрын тэргүүний үүргийг тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб түр гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ