Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-10 17:13:35

Архангай /МОНЦАМЭ/. Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглосон хугацаанд аймгийн Цагдаагийн газарт согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 18 нэгж буюу 55 хувиар буурчээ.

Мөн хугацаанд Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд зөрчил гаргасан 78 иргэнийг саатуулсан аж. Эрүүлжүүлэгдсэн хүний тоог урьд оны мөн үетэй харьцуулахад 41 иргэнээр буюу 34,4 хувиар буурсан байна.

Хэдийгээр согтуугаар зөрчил гаргасан хүний тоо тодорхой хувиар буурсан ч ахуйн хүрээний архидалт ихсэх хандлагатай байгааг Цагдаагийн газраас анхааруулж байна.

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №30 дугаар тогтоолын дагуу Сар шинийн баярын арга хэмжээг тэмдэглэхийг хориглож, тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын А/52 дугаар тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн, мөн даргын А/59, А/90 дугаартай тушаалууд сунгагдан ажиллаж байна.

Холбоотой мэдээ