Анхны гавьяат, ахмад шатарчин Л.Мягмарсүрэн FIDE-гийн тэтгэлэг хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-11 09:06:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо /FIDE/-ноос 20000 еврогийн төсөвтэй, 65-аас дээш насны ахмад шатрын зүтгэлтнүүдийг дэмжих хөтөлбөр зарласан. Монгол Улсын шатрын спортын анхны гавьяат тамирчин, Олон улсын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэн шилдэг тамирчнаар шалгарч уг тэтгэлгийг хүртэхээр болжээ.


Монголын шатрын холбооноос аль болох олон ахмад тамирчныг тэтгэлэгт хамруулах зорилгоор 10 ахмад шатарчин, дасгалжуулагчийг нэр дэвшүүлж, холбогдох материалыг бэлтгэн явуулсан байна.  


Дэлхийн шатрын холбоо 2019 онд уг тэтгэлэгт хөтөлбөрийн төсвийн хэмжээг 20 мянган еврогоор тогтоож, Дэлхийн ахмадын аварга шалгаруулах тэмцээний шагналын төсвийг 30 мянган еврогоор өсгөх төлөвлөгөөтэй байсан ч шинэ коронавирусний халдварын улмаас Дэлхийн ахмадын аварга шалгаруулах тэмцээн цуцлагдах эсвэл хойшлох эсэх нь тодорхойгүй байгаа юм.


Иймд Дэлхийн шатрын холбооны Консулаас шатрын спортод бүхий л насаа зориулсан шатрын ахмад зүтгэлтнүүдэд зориулах тэтгэлэгт хөтөлбөрийн төсвийг 35 мянган евро болгож, 4 тивийн 16 орны 17 ахмад шатарчин, дасгалжуулагч, шүүгч, шатрыг хөгжүүлэгч нарт өгөхөөр шийдвэрлэжээ.


Дэлхийн шатрын холбооны гаргасан нийтлэлд: “Уг тэтгэлгийг хүртэж буй хүмүүс нь зөвхөн санхүүгийн дэмжлэг аваад зогсохгүй шатрын спортод зориулсан сэтгэл зүрх, оруулсан хувь нэмэр, гайхамшигтай амжилт нь шатрын их гэр бүлд дуу нэгтэй албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй” хэмээн дурджээ.



Холбоотой мэдээ