Өвөрхангайн соёлын өв цуврал: "Баянбайгаль" уран сийлбэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-14 18:08:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн Музейн сийлбэрийн танхимд “Баянбайгаль” гэх үзмэр бий. Энэхүү бүтээлийг 1974 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сэнгээ хүү С.Базарын хамт урлажээ.

Уг сийлбэрийн дээд хэсэгт шувууд, гол хэсэгт Орхоны хүрхрээ, тал хээр, хангайн бүсийн амьтан, ургамал, доод хэсэгт говь нутгийн амьтан, ургамлыг зохиомжилж, товойлгох болон хөндийлэх аргаар сийлсэн бөгөөд 220.5 х 145 см хэмжээнд 553 гаруй дүрсийг багтаажээ.   

1979 онд С.Сэнгээ агсны эхнэр н.Равжих  “Баянбайгаль” сийлбэрийг Ой модны аж үйлдвэрийн яамны хонгилд хаягдан бороо, чийгэнд муудаж байгаа талаар аймгийн удирдлагуудад хэлж, “Та нар нутгийн хүмүүс байна, энэ бүтээлийг авч хадгалбал цаашдаа аймаг, орон нутагт хэрэгтэй байж болох юм” гэсний дагуу 30 мянган төгрөгөөр үнэлэн авч Музейд хадгалуулсан байна.

Энэ тухай аймгийн Санхүүгийн тасгийн дарга байсан Д.Цэрэнжамц дурсан ярихдаа “Тэр үеийн 30 мянган төгрөг их мөнгө л дөө. Аймгийн бүтэн жилийн төсөв 3 сая орчим төгрөг байсан шиг санаж байна. Бүтээл үнэхээр гайхамшигтай сайхан эд байсан болохоор бид удаан хэлэлцсэний эцэст худалдан авсан юм. 1980 онд таван яамны шалгалт ирж, 30 мянган төгрөгөөр сийлбэр худалдан авч, улсын хөрөнгөөр тоглодог та нар хэн юм бэ гээд баахан загнууллаа. Тэгэхэд аймгийн музейн захирлаар ажиллаж байсан Г.Намхайдагва гуай босч ирээд “Та нар урлаг гэдгийг мэдэхгүй амьтад байна. Энэ бүтээл чинь 20,30 жилийн дараа гэхэд 20,30 сангийн аж ахуйн үнэтэй болох эд байгаа юм. Энэ сайхан агуу бүтээлийг устаж үгүй болж байхад худалдаж аваад музейдээ тавьсан дарга нарыг та нар шүүмжлэх биш харин магтах хэрэгтэй” гээд л өөдөөс нь загнаад унадаг байгаа. Би ч энэ өвгөн баллаж дуусгалаа гэж бодож суулаа. Харин Г.Намхайдагва гуайг үг хэлснээс хойш энэ талаар хэн ч юу ч дуугараагүй” хэмээсэн байдаг.

Сийлбэрийг хүлээж авсан 1978 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн актаас үзэхэд 33322 төгрөгөөр худалдан авсныг тэмдэглэсэн байна. Энэ ханш нь тухайн үедээ УАЗ-469 машин хоёрыг авах үнэ байжээ. Бүтээлийн үнийг тогтоохдоо оюун ухаан, хөдөлмөр их зарцуулсан, орой ажлын бус цагаар гэр орондоо хийсэн зэргийг харгалзаж, хүнд нөхцөлийн үеийн цалин буюу цагт 3 төгрөг 19 мөнгөөр бодож олгосон байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сэнгээ уг бүтээлийг дөрвөн жилийн хугацаанд бүтээжээ. Тэрбээр Монгол орны байгаль, амьтан, хүн зоны амьдралаас сэдэвлэн зааны яс, зандан, эвэр, модны ур зэргээр 200 шахам бүтээл сийлбэрлэж, дүрслэх урлагийн сан хөмрөгт үлдээжээ.

Холбоотой мэдээ