Завхан аймаг 20 мянган га-д үлийн цагаан оготно устгах ажлыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-15 17:47:16

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг байгальд хор нөлөөгүй аргаар 20 мянган га-д үлийн цагаан оготно устгах ажиллагааг зохион байгуулжээ.

Аймгийн ЗДТГ-аас нэг өрхөд 20 литр, нэг багт нэг тонн шатахууныг шийдвэрлэж өгснөөр малчид төрийн албан хаагчид хамтран үлийн цагаан оготно устгах ажлыг хийжээ. Ард иргэдээ сонсох аяны үеэр малчдаас ирсэн санал хүсэлтийг эрэмбэлснээр нэн тэргүүнд үлийн цагаан оготно устгах ажлыг хийлээ. Хөдөөгийн 88 багт энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Эхний ээлжинд Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөр Яруу, Идэр, Тэлмэн сумын 600 гаруй малчин төрийн албан хаагчид хамтран байгальд хоргүй аргаар үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгууллаа.

300 орчим автомашин техник хэрэгсэлтэйгээр хөрөөний утаагаар утах, ус цутгах, конус тавих, шувууны үүр тавих аргаар устгалыг нэгэн зэрэг явууллаа. Цас ханзарч оготно ичээнээсээ гарч ирэх үед устгал хийж буй нь үр дүнтэй байна.

Мөн үеэр аймгийн ХХААГ-аас малчид, төрийн албан хаагчдад мэдээлэл, зөвлөмж өглөө. Мэрэгчдийн хамгийн хөнөөлтэй нь үлийн цагаан оготно бөгөөд бэлчээр сүйтгэгч гол дайсан юм. Монгол  Улс 113 сая га бэлчээрийн талбайтайгаас 40 гаруй сая га талбайд нь үлийн цагаан оготно тархсан. Аймгаар нь авч үзвэл 16 аймгийн 200 суманд үүрлэчихсэн өсөж үржиж байна. Хамгийн аюултай нь үлийн цагаан оготно өвсний үндсийг иддэг учраас дахин ургах боломжгүй болдог. Богино хугацаанд үржиж, олширдог үлийн цагааны сүрэг бэлчээр, ургамал хэт талхлагдсан нутгийг сонгон нутаглаж, өвс ургамал сахлаг шигүү газраас дайждаг. Тиймээс үргэлжлүүлээд аймгийн бүх суманд үлийн цагаан оготно утгах ажлыг зохион байгуулна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Үлийн цагаан оготно устгах ажилд малчдыг оролцуулж буй нь үр дүнтэй байна

Завхан аймаг сүүлийн жилүүдэд улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар хавар, намартаа бэлчээрийн хөнөөлт амьтны устгал хийж тоо толгойг нь багасгаж байгаа.

Тухайлбал нутгийнхан нүхэнд нь ус хийх, бортого буюу урхи тавих, оготно барьж идэх шувууны суулт хийх зэрэг аргаар тэмцэж нягтаршлыг бууруулж  байгаа ч  үлийн цагаан оготнын тархалт нэмэгдсээр байна. Тиймээс бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлэх, ашиглалтын менежментийг сайжруулах, ашиглагдахгүй байгаа алсын бэлчээрийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, үлийн цагаан оготныг хэт олшруулахгүй байх тал дээр малчдын оролцоог нэмэгдүүлэх.

Энгийн механик, биологийн аргаар тэмцэх аргыг тэдэнд зааж сургах зэрэг ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Үлийн цагаан оготнын хөнөөлийг арилгах чиглэлээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг тархалтын голомт бүхий томоохон талбайд нэгдсэн цогц байдлаар зохион байгуулж буй нь ч үр дүнгээ өгч байна. Үлийн цагаан оготно хэт олширсон бүсэд микробиологийн аргаар тэмцэх бодлого баримтлан ажиллана хэмээн аймгийн ХХААГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ