Малчдыг дэмжих төсөл амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-15 15:15:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилтийн төслийн зохицуулагч С.Занданбалаар ахлуулсан ажлын хэсэгтэй аймгийн удирдлагууд уулзалт хийлээ.

Дээрх төслийг Арвайхээр, Хархорин, Тарагт, Төгрөг суманд 2018 оны 6 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бага орлоготой иргэд болон малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд бэлчээр ашиглалтыг сайжруулах чиглэлээр Хархорин, Тарагт, Төгрөг суманд “Бэлчээр ашиглалтын малчдын 23 бүлэг”-ийг байгуулсан ба гурван суманд гүн өрмийн худаг дөрвийг гарган бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлээд байна.

Мөн мал эрүүлжүүлэх зорилгоор бог мал угаах ванныг 7 газар байрлуулжээ. Малчдыг өвөл, хаврыг хохирол багатай даван туулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулж, эрсдэлийн сангийн санхүүжилт олгохын зэрэгцээ үлийн цагаан оготнотой тэмцэх багаж хэрэгслээр хангаж, малчдад зориулсан сургалт, мэдээллийн гурван төвийг тохижуулж байна.

Түүнчлэн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй болон барьцаа хөрөнгөгүй, санхүүгийн эх үүсвэргүй, бүлэг болж хамтран ажиллах сонирхолтой 37 эмэгтэйг хамруулсан бүлийг Төгрөг, Хархорин суманд байгуулж, ажлын байрыг бий болгосон агаад Арвайхээр сумын төв захад худалдаа, борлуулалтын цэг шинээр байгуулсан гэдгийг Төслийн зохицуулагч С.Занданбал хэлэв.

Энэ онд “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвийг байгуулах, инженерийн хийцтэй 22 худаг барих, өвс тэжээлийн долоон агуулах, саравчийг засварлах, худгийн нарны сэргээгдэх эрчим хүчний найман төхөөрөмж байгуулах, бог мал угаах 16 ванн барих, мал үржүүлэг технологийн багаж төхөөрөмжөөр хангах ажлуудыг хийхээр аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.

Холбоотой мэдээ