Махны агуулах, зоориудад шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-16 10:58:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Прокурорын газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦГ, МХГ, МЭГ, Тагнуулын хэлтэстэй хамтран аймгийн төв болон аймгийн төвтэй ойролцоох сумдад мах нөөцлөн, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн ашиглаж буй хөргөлтийн агуулахуудад шалгалт хийжээ.

Шалгалтад Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах мах нөөцлөх зориулалттай 15, Ихтамир суман дахь хоёр хөргөлтийн агуулахыг хамруулсан байна. Аймгийн нутаг дэвсгэрт мах бэлтгэх, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүд нь иргэдээс бог малын махыг гарал үүслийн гэрчилгээгүй худалдан авч, зах зээлд нийлүүлдэг, агуулах зоориудын орчимд хяналтын камер байрлуулаагүй, агуулах зооринд орж, гарсан бүтээгдэхүүний бүртгэл судалгаа хөтлөөгүй, иргэдээс худалдан авсан махаа хаана нийлүүлдэг талаар баримт нотолгоо байдаггүй зэрэг зөрчлийг тогтоожээ.

Шалгалтын дүнг байгууллагын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, гарал үүслийн гэрчилгээгүй малын мах худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу шийтгэл оногдуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэх, мах худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж боловсруулж, хүргүүлэх гэсэн шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байна. Мөн цаашид энэ шалгалтыг тодорхой хугацааны давтамжтай хийж байх шийдвэр гарчээ. 

Холбоотой мэдээ