Төслийн хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-16 16:47:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” нэмэлт санхүүжилтийн төслийн зохицуулагч С.Занданбалаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажилласан байна.

Төслийн баг аймгийн удирдлагуудтай уулзаж, төслийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, түүний үр дүнгийн талаар санал солилцсон байна.

Энэхүү төсөл нь Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрцогт, Сайнцагаан суманд 2018 оны зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд бага орлоготой иргэд болон малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд 2020 онд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтаар өвс тэжээлийн хоёр агуулах, мал угаалгын 15 банн, гүн өрмийн 27 худаг шинээр гаргаж, өвс тэжээлийн нэг агуулах, нэг ажлын байрыг засварлаж, мал үржлийн үйл ажиллагаанд зориулсан тоног төхөөрөмж худалдан авах ажээ.  

Төслийн 30 хувийг орон нутгаас санхүүжүүлэх ёстой бөгөөд Дундговь аймгийн хувьд ОНХС-гийн хөрөнгөөс зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Одоогийн байдлаар мал угаалгын ванн, гүн өрмийн худаг, өвс тэжээлийн агуулах засварлах, ажлын байрны засвар, өвс тэжээлийн агуулах шинээр барих зэрэг 5 ажлын тендер зарлагдаад байгаа аж.

Энэхүү төслийн хүрээнд 2019 онд бэлчээрийн ашиглалтыг сайжруулах зорилгоор зорилтот сумдад малчдын 31 бүлэг байгуулж, гурван суманд гүн өрмийн таван худаг мал угаалгын долоон банн барьсан байна.

Өвөл, хаврыг хохирол багатай даван туулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулж, эрсдэлийн сан байгуулах гарааны санхүүжилт болон үлийн цагаан оготнотой тэмцэх багаж хэрэгслийг мөн олгожээ.

Төслийн хүрээнд малчдад зориулсан сургалт мэдээллийн гурван төвийг тохижуулж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг оролцооны аргаар боловсруулсан байна. Орон нутгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй болон барьцаа хөрөнгөгүй, санхүүгийн эх үүсвэргүй, бүлэг болж хамтран ажиллах сонирхолтой 37 эмэгтэйг хамруулан бүлэг байгуулж, тэдний орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан гэдгээ төслийн багийнхан танилцуулсан юм. 

Холбоотой мэдээ