Төгсөгчид баяр тэмдэглэж хэрэг зөрчилд өртвөл тухайн сургуулийн захиралтай хариуцлага тооцно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-05-03 13:06:07

Нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр “Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ба Эрдмийн баяр” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд 2016-2017 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг ирэх 8 дугаар сарын 22-26-ны хооронд бүртгэх болсныг хэллээ.  Өмнөх жилүүдэд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг хавар бүртгэдэг байсан бөгөөд бүртгэлийг хавар явуулснаар хичээлийн жил эхлэхэд хамран суралцах харьяаны бус хүүхдүүд нэмэгдэж замбараагүй байдал үүсдэгээс ийн шийдвэр гарчээ.

Нийслэл хотод төрийн болон төрийн бус өмчийн 214 сургуульд 221 мянга 320 сурагч суралцаж байна. Үүнээс 12 дугаар ангийг 13946, 9 дүгээр ангийг 8578 суралцагч төгсөнө.

Нэгдүгээр ангид 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдийг бүртгэнэ. Харин 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш төрсөн 5 настай хүүхдийг бүртгэхгүй. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3 4 хэмжээтэй чээж зураг нэг хувь, шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх аж.

Мөн улс орон эдийн засгийн хямралтай байгаатай холбогдуулан нийслэлийн ЕБС-ийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ыг нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөддөө тайлагнаж сурталчилж тэмдэглэхийг мэдэгдэв.

Цэцэрлэгийн төгсөлт, нэгдүгээр ангийн Үсэглэлийн баярыг тайлант өдөрлөг болгон 9, 12 дугаар ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ыг “Боловсролын баримт бичиг гардуулах ёслол”-ын арга хэмжээ болгон зохион байгуулах, нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг, эх, хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй, тэдэнд хүндрэл учруулахгүй байхыг албаныхан тодотгов.

Түүнчлэн Эрдмийн баяр зохион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураамж авсан болон ЕБС-ийн сурагчдаас архидан согтуурч, гэмт хэрэг зөрчилд холбгдсон тохиолдолд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцно гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас дараах мэдээллийг тодруулав.

-Энэ жил хичнээн сурагч нэгдүгээр ангид элсэн орох вэ. Элсэгчдийн тоо нэмэгдэж байна уу?

-2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 27 мянга 629 хүүхэд  элсэх урьдчилсан тооцоо гарсан. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд их байгаатай холбогдуулан энэ тоо намар болоход нэмэгддэг. 2012 онд 19 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэж байсан бол өнөөдөр 30 мянгад дөхөж байна. Ингэхээр нэгдүгээр ангид элсэгчдийн тоо сүүлийн 3, 4 жилд 50 хувиар нэмэгдэж байгаа.

-Сургуулийн хүртээмж, анги дүүргэлт хэр байх вэ?

-Энэ жил 89 бага сургууль цогцолборын барилга эхэлнэ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль барина. Мөн ЖАЙКА-гийн шугамаар хэдэн сургууль барих судалгааны ажил хийж байна. Сургуулийн хүртээмжийн асуудлыг өнгөрсөн 3 жилийн хугацаанд сайн шийдэж байгаа ч хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа болон төрөлт ихэссэн учраас суудлын тооноос давж байна.  Энэ жил нийслэлийн хэмжээнд анги дүүргэлтийг 40 хүүхэдтэй байхаар төлөвлөсөн.

-Цэцэрлэгийн хүрэлцээ тааруу учраас олон хүүхэд хамарч чадахгүй үлддэг?

-2012 онд 65 мянган хүүхэд цэцэрлэгт хамарч байсан бол энэ тоог 40 хувиар нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр 90 мянган хүүхэд цэцэрлэгт элсэж байна. Энэ нэгдүгээр сарын 01-нээс Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлсэн. Ирэх намар энэ үйлчилгээнд олон хүүхэд хамарвал нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж сайжирна.

-Цэцэрлэгийн хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Цэцэрлэгийн хүртээмж, хүндрэлтэй асуудлыг шийдэхээр сүүлийн жилүүдэд ажиллаж байна. Өнгөрсөн жил гэхэд долдугаар сарын 21-нээс Баянзүрх дүүргийн зарим цэцэрлэгийн гадна  дугаар үүсгэн, хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болсон байсан. Үүнийг таслан зогсоох үүднээс сугалаа зохион байгуулсан. Ирэх намар дугаар үүсгэдэг хүндрэлтэй цэцэрлэгүүдэд сугалаа явуулна. Цаашдаа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цахим байдлаар бүртгэдэг болохоор бэлтгэл ажил хийж байна. Энэ жил цахимаар бүртгэх төлөвлөгөөтэй байгаа ч амжихгүй бол урьдын жишгээр бүртгэнэ.

-“Эрдмийн баяр”-т зориулан эцэг, эхчүүдээс мөнгө төгрөг хураахгүй гэж байна. Үүнд хэрхэн хяналт тавих вэ?

-Бид “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Сурагчдын холбоо, Оюутны холбоо, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Хамгийн гол нь эцэг, эхчүүд өөрсдөө хяналт сайн тавих хэрэгтэй. Одоогийн байдлаар сургууль болон анги удирдсан багшийн зүгээс зохион байгуулахаасаа илүү цөөн тооны эцэг, эхчүүд бусдыгаа уриалан мөнгө төгрөг цуглуулж, дарамт үүсгэж байна. Тиймээс эцэг, эхчүүдийг энэ асуудлыг таслан зогсоохыг Нийслэлийн Боловсролын газраас уриалж байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ