Москвад коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 200 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-20 11:05:45

МОСКВА. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусээр халдварласны улмаас 30 орчим хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 200 давлаа гэж тус хотын коронавирусний халдварын тархалтын байдалд хяналт тавих, тандан судлах шуурхай штаб мэдээлэв.


“Москвад коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан 28 хүн нас барсан. Нас барсан хүмүүс 44-98 насны хүмүүс байсан бөгөөд ихэнх нь хууч өвчтэй байсан” гэж шуурхай штабын мэдээлэлд дурдсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, Москва хотод коронавирусний халдварын 24324 тохиолдол бүртгэгджээ.


ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабын мэдээллээр, тус улсад 42853 хүн халдвар авч, 3291 хүн эдгэрсэн бол 361 хүн нас барсан байна. Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар 2.2 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 150 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ