“One World” тоглолтоор 128 сая орчим ам.доллар цугларчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-20 11:43:38

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхий даяар коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед алдартнууд цахимаар уран бүтээлээ толилуулж, 128 сая орчим ам.долларын хандив цуглуулжээ.


One World: Together At Home” нэртэй найман цагийн тоглолтын үеэр Леди Гага, Стиви Уандер, “Роллинг Стоунз” тэргүүтэй нэртэй дуучид, хамтлагууд уран бүтээлээ толилуулсан юм.


Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан “Global Citizen” байгууллагын мэдээлснээр, тоглолтоор 127.9 сая ам.доллар цугларсан бөгөөд үүнийг ДЭМБ-ын коронавирустэй тэмцэх санд хандивлах ажээ.



Тоглолт хоёр хэсгээс буюу зургаан цагийн “өмнөх шоу” болон Жимми Фэллон, Жимми Киммел, Стивен Колберт нарын хөтөлсөн хоёр цагийн үндсэн шоунаас бүрджээ.


“Бидний төлөө өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулж буй эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлье” гэж тоглолтын үеэр Леди Гага хэлжээ. Мөн цар тахлын үед эв санаагаа нэгтгэхийг бусад уран бүтээлч уриалсан байна.


Тейлор Свифт, Элтон Жон, Пол Маккартни, Женнифер Лопес нар мөн гэрээсээ уран бүтээлээ толилуулсан алдартнуудад багтжээ. Түүнчлэн “Роллинг Стоунз” хамтлагийнхан дөрвөн өөр газраас “You Can't Always Get What You Want” дуугаа дуулжээ. 



Холбоотой мэдээ