БНСУ хорио цээрийн дэглэмийг сулруулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-20 12:34:01

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын эрх баригчид коронавирустэй тэмцэх зорилгоор авсан хязгаарлалтын зарим арга хэмжээгээ тавдугаар сарын эхээр цуцлахаар төлөвлөжээ.


“Yonhap” агентлагийн мэдээлж буйгаар, цэцэрлэгт хүрээлэн, амралт зугаалгын газруудыг нээж, сүмүүдийн үйл ажиллагааг сэргээхээс гадна, спортын тэмцээн уралдааныг хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрөх аж.


"Хамгийн аюулгүй зүйл бол олон нийтийн газар хүмүүс хоорондын зайгаа барих юм. Гэвч бодит байдал дээр энэ нь тийм ч хялбар биш. Хэрэв бид халдварын тархалтын одоогийн түвшнийг барьж чадвал тавдугаар сарын 6-наас хорио цээрийн дэглэмийг сулруулж эхэлнэ” гэж БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгджээ.


БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 13 шинэ тохиолдол илэрч, халдварын нийт тохиолдлын тоо 10674-т хүрсэн бол 72 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 8114 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Одоогийн байдлаар 11981 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа бөгөөд тус улсад 540 мянга гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ. “COVID-19”-ийн халдвар авсныхаа дараа бүрэн эдгэрсэн 179 хүний шинжилгээний хариу дахин "эерэг" буюу халдвартай гарчээ. Тус улсад нэг өдрийн хугацаанд хоёр хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 236 болсон байна.


Холбоотой мэдээ