Биеийн тамирын багш нарын дунд цахим илтгэлийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-20 15:05:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос Монгол Улсын ЕБС-ийн биеийн тамирын багш нарын дунд "Сурагчдын бие бялдрын хүмүүжил-Олимпын боловсрол ба Ковид-19" сэдэвт цахим илтгэлийн уралдааныг зарлажээ. 


“Covid-19” цар тахлын улмаас дэлхийн 200 оронд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа зогсож, 1,5 тэрбум гаруй хүүхэд залуучууд хичээл, сургалтанд хамрагдаж чадахгүй байна. Энэ хүнд цаг үед гэр орныхоо нөхцөлд байгаа сурагчдын идэвхтэй хөдөлгөөний хэм хэмжээ хомсдолд орж, бие махбодийн дархлаа сулрах, сэтгэл зүйн сөрөг өөрчлөлт гарах зэрэг үр дагавар нэмэгдэх болсныг олон улсын эрдэмтэн, судлаачид батлан мэдэгдэж байна.


Монгол улсын хувьд ч сурагчид олон сараар хичээл, сургалтад хамрагдаагүйн улмаас ийм үр дагаврууд ажиглагдах болов. Ковид-19 цар тахлын дараа хүн төрөлхтөний хоорондох харилцаа, өөртөө хандах хандлага, нийгэм, эдийн засгийн салбаруудын өнгө төрх, үйл ажиллагааны бодлого, чиглэл, агуулга, зохион байгуулалтын хэлбэрт ихээхэн өөрчлөлт орох нь тодорхой байна.


Уг өөрчлөлт Монгол Улсын биеийн тамир, спортын салбарт ч хамаатай юм. Ялангуяа ЕБС-ийн сурагчдын бие бялдрын хүмүүжлийн асуудлыг шинэ өнцгөөс харах, агуулга, хэлбэрийг шинэ нөхцөл байдалд үр дүнтэй боловсруулах шаардлага тулгарна. Харин энэ ажлыг биеийн тамирын багш нар гардан хийх юм.


МҮОХ, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-аас хамтран ЕБС-ийн биеийн тамирын багш нарын дунд “Сурагчдын бие бялдрын хүмүүжил - Олимпийн боловсрол ба Ковид-19” сэдэвт цахим илтгэлийн уралдааныг зохион байгуулж байна.


Цахим илтгэлийн уралдааныг зохион байгуулах ажлыг аймаг, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар, Олимпын зөвлөлүүд хамтран хэрэгжүүлнэ. Цахим илтгэлийн уралдааныг 2020.04.20-05.20-ны хугацаанд зохион явуулна.

Холбоотой мэдээ