Азийн сангаас 50 сая төгрөгийн хамгаалалтын хэрэгслийг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-20 16:21:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, дэд менежер Д.Оргил, төслийн ажилтан Э.Булган нар өнөөдөр НЗДТГ-т 50 сая төгрөгийн хамгаалалтын хэрэгсэл хандивлав.


Тус хандивыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарт гардуулжээ. 


Шинэ төрлийн коронавирусний халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр НЗДТГ-аас хийж хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангаас нэг удаагийн маск, N95 маск, гар ариутгагч, хамгаалах хувцас, автомаск, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч нарт чанга яригч зэргийг хандивласан юм.    


Энэ үеэр АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо “НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй ажил үр дүнгээ өгч байна. Азийн сангаас олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд НЗДТГ-ын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус хандивыг гардуулж байна” гэв.


Харин НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан: “Азийн сангаас үзүүлж буй энэхүү хандив тусламжийг бид нийслэлийн товчоодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад гардуулах болно. Нийслэлээс хийж, хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж байдаг Азийн сангийн хамт олонд талархаж байна” гэлээ.


АНУ-ын Азийн сан 1993 оноос Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа нээж сайн засаглал, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг олон төсөл хөтөлбөрийг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлсэн уламжлал бий” хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ