Нийслэлд 52.5 км автозам шинээр тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2020 онд хийх зам барилга, зам засвартай холбоотой төсөл арга хэмжээний талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас цахимаар мэдээллээ.
Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 3 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Ингэхдээ нийслэлд 52.5 км авто замыг шинээр хийхээр төлөвлөсөн бөгөөд 17.5 км уулзварыг өргөтгөж, 178.6 метр урт гүүрэнд засвар хийх аж. Мөн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины 4 нүхэн гарц хийхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра “Улаанбаатар хотын автомашины хөдөлгөөн өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавих болно. Нийт 175 байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан рамп тавихаар төлөвлөж байна. Замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулахаас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан стандартын дагуу завсар үйлчилгээний ажлууд хийнэ. Нийтийн тээврийн зогсоолыг шинээр 9 байршилд хийнэ. Сонсголон, Яармагийн гүүр ашиглалтад орсон. Одоогоор Замын цагдаагийн гүүрэн гарцны гүүрийг үргэлжлүүлэн хийхээр бэлтгэж байна. Налайхын замын өнгө хучилтын ажил хийнэ. Ингэхдээ зам хаахгүй, энэ жил бүрэн ашиглалтад орно” гэв. Мөн тэрбээр, нийслэлд 52 км дугуйн замыг хатуу хучилттай буюу асфальтаар хийх аж. Мөн Богд уулын арын хэсгээр Налайх хүртэл дугуйн зам барихаар төлөвлөж байна" гэв.
Нийслэлийн иргэдийн
39.3 хувь нь нийтийн тээврээр, 6.5 хувь нь алхдаг, 2.6 хувь нь таксигаар,
2.4 хувь нь унадаг дугуй, мопедоор, 49.2 хувь нь автомашинаар
зорчдог гэсэн судалгаа гарчээ. Иймд түгжрэл, агаарын бохирдлыг
бууруулахын тулд дугуйн замыг шинээр барих аж.