Аудит хийхдээ тухайн байгууллагын цахим санд нэвтэрдэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын долоон гишүүн өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-аас ноднин 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж нэмсэн. Иймд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулахад тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төрийн аудитын байгууллагын хүний нөөц, хүчин чадлыг тодруулахын зэрэгцээ “Монгол Улсын Тогтортой хөгжил -2030” үзэл баримтлалд аудит хийсэн эсэх, аудитын ажилд мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж, цаг хугацаа, хөрөнгө хэмнэж байгаа талаар лавласан.
Төрийн аудитын байгууллага 396 хүний орон тоотой ажиллаж байгаагаас 284 нь аудитор, бусад нь захиргаа, үйлчилгээний ажилтнууд бөгөөд тэдгээр нь жилдээ 7000 орчим аудит хийдэг гэж Монгол Улсын Ерөнхий аудитор Г.Занданбат хариултдаа онцлов. Тэрбээр, “Тогтвортой хөгжил-2030 хөгжлийн баримт бичигт одоогоор аудит хийгээгүйг хэллээ. Түүнчлэн Мэдээллэл, технологийг аудитын ажилд ашиглах асуудал хангалтгүй байгааг тэмдэглээд, өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд мэдээлэл технологийн төвтэй байхаас гадна шалгуулж байгаа байгууллагын мэдээллийн баазруу нэвтэрч мэдээлэл авах боломжийг зохицуулсан. Цаашдаа мэдээллийн технологийг ашиглан аудитын бүтээмжийг сайжруулах, цаг хугацаа хэмнэх, дата дээр ажиллаж оновчтой дүгнэлт гаргах ажил хийнэ гэж үзээд шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан" гэв.
Ингээд Төрийн аудитын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, Төслийн 15 дугаар зүйлд 15.1.6 дахь заалт буюу "Энэ хуулийн 13.2-т заасан системийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагын цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас аудитад шаардлагатай мэдээллийг гаргуулах” гэж, төслийн 17 дугаар зүйлд 17.7 дахь хэсэг буюу “Шинжээчийг ажиллуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй байна" гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн төслийн 33 дугаар зүйлд 33.5 дахь хэсэг буюу "Монгол Улсын Ерөнхий аудитор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өрийн тайлан, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж, төслийн 33 дугаар зүйлд 33.6 дахь хэсэг буюу “Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 11,12 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэн аудитын тайланг УИХ-ын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ” гэж, төслийн 42 дугаар зүйлд 42.5. дахь хэсэг буюу “Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль топгоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Харин төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан, “Төслийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг нь Монгол Улсын Ерөнхий аудитор нь төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдал төсөв, санхүү, зохион байгуулалттай холбоотой асуудлаар УИХ-д санал хүргүүлж, шийдвэрлүүлнэ” гэснийг дурдаад Ажлын хэсгээс УИХ, аудитын байгууллагын харилцааны гол хэсгийг хасах санал гаргасныг буцаах шаардлагатай” гэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төсөл санаачлагчийн саналыг дэмжсэн тул Ажлын баг “төслийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй саналаа татав.
Ингээд Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.