Гадаад харилцаа өргөжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-21 17:46:41

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг нь гадаад орнууд болон олон улсын байгууллагуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бүс нутаг, өөрийн аймгийн онцлогт тулгуурлан өргөжүүлж байна. 

Тухайлбал, БНХАУ-ын Альшаа аймагтай гадаад худалдаа, боловсрол, хот тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа бол Баянхонгор сумын сурагчид Эзнээ хошуунд дунд боловсрол эзэмшиж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцож байгаа бөгөөд 2017-2019 онд 700 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.

БНХАУ-ын Ниншя хуй Хотон үндэстний өөртөө засах орон ХАА-н салбарт, ОХУ-ын Кабанский мужтай эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаа тогтоожээ. БНСУ-ын Кимпо хоттой ажиллах хүч гаргах, Янжу болон Ансан хотуудтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, “Санамж бичиг” байгуулаад байна.

Япон улсын Ойта мужтай багш, сурагч солилцооны хөтөлбөр тогтмол хэрэгжүүлж, халуун рашаан, сувиллын чиглэл, боловсролын салбарт тасралтгүй хамтран ажиллаж байна.

БНБУ-ын Русе мужтай боловсрол, эрүүл мэнд, ХАА, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан ажиллаж байна.  Мөн ХБНГУ-ын Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр 2018 онд аялал жуулчлал, ЖДҮ-ийн салбарт 140 орчим сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

БНСУ-ын КOICA олон улсын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Хил хязгааргүй агрономич болон малын эмч нар Францын ТББ, Дэлхийн банк, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагуудтай эрүүл мэнд, ХАА, уул уурхай, хүүхэд гэр бүл,амьдрах орчин сайжруулах чиглэлээр 10 гаруй төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ