Италид хөл хориог цуцлах төлөвлөгөөг энэ долоо хоногт танилцуулна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-04-22 12:57:04

РОМ. /BBC/. Италид хөл хориог аажмаар цуцлах төлөвлөгөөг энэ долоо хоногийн сүүлээр танилцуулна гэж тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мягмар гарагт мэдэгдлээ.


“Италид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг шинжлэх ухаанч бодлогод тулгуурлан сулруулах бөгөөд ирэх тавдугаар сарын 4-нөөс хэрэгжүүлнэ хэмээн бид таамаглаж байна” гэж Ж.Конте “Facebook” хуудсандаа нийтэлжээ.


Италид халдварын улмаас 24648 хүн нас барсан нь Европт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Мягмар гаргийн байдлаар Италид халдвар авсан хүний тоо хоёр өдөр дараалан буурсан боловч сүүлийн 24 цагт 534 хүн нас барсан нь өмнөх өдрийнхөөс /454/ өссөн байна.


Евробүсийн гурав дахь том эдийн засагтай орон болох Италид халдварын тархалтыг хязгаарлах үүднээс өнгөрсөн гуравдугаар сарын 9-нөөс хөл хорио тогтоосон бөгөөд ирэх тавдугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм.


Европын бусад оронд хөл хорионы талаар ямар шийдвэр гаргаж байна вэ?

Европын олон орон энэ долоо хоногоос хязгаарлалтуудаа аажмаар сулруулж эхэллээ. Герман, Австри, Дани, Чех зэрэг оронд зарим бизнесийн үйл ажиллагааг сэргээжээ. Гэсэн хэдий ч Европын Холбооны түвшинд хамтран ажиллахгүй байгаа бөгөөд улс орнууд өөр өөр байдлаар хязгаарлалтуудаа сулруулж байна.


Дани улс сурагчдыг хичээлдээ явахыг зөвшөөрсөн Европын анхны орон болж, 12-оос доош насны хүүхдүүд сургуульдаа явж эхэлжээ.


Норвегт цэцэрлэгийн хүүхдүүдийг хичээлдээ явахыг даваа гаргаас зөвшөөрсөн бөгөөд тэд өөрсдийнхөө өдрийн хоолыг авчирч, ариун цэврийн шинэ дүрэм баримтлах ёстой ажээ.


Харин Европ дахь дунд, ахлах сургуулийн сурагчдын хичээл ороогүй хэвээр байна. Францад орон даяар тогтоосон хөл хориог сунгаж, тавдугаар сарын 11 хүртэл үргэлжлэхээр болсон боловч ахлах сургуулиудын сургалтыг нэн даруй сэргээх төлөвгүй байна.


“Бага сургуулиуд тухайн долоо хоногоос хичээллэж эхлэх бол төгсөх ангийн сурагчид тавдугаар сарын 18-наас, бүх сурагч 25-наас хичээлдээ явах боломжтой” гэж Францын Боловсролын сайд Жан-Мишель Бланкер мягмар гарагт мэдээлжээ.


Европын орнуудын дундаас хамгийн хатуу хязгаарлалтууд тогтоосон Испанид бүх насны хүүхдүүдийг ямар ч шалтгаанаар гэрээс гаргахыг хориглож байсан юм. Харин энэ сарын 27-ноос эхлэн 14 хүртэлх насны хүүхдүүдийг эцэг эхтэйгээ хүнсний дэлгүүр, эмийн сан орохыг зөвшөөрөх шийдвэрийг Испанийн Засгийн газар гаргажээ. Тус улсад хөл хориог тавдугаар сарын 9 хүртэл сунгасан юм. 

Холбоотой мэдээ