Аймгаас гарах зөвшөөрлийг Онцгой байдлын газраас олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-23 13:42:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот болон орон нутгаас орох, гарах хөдөлгөөнийг хаасантай холбогдуулан Дархан-Уул аймгаас гарах зөвшөөрлийг Онцгой байдлын газарт олгож байна. Хүнсний болон ачаа тээврийн хөдөлгөөн ямар нэг саадгүйгээр нэвтэрнэ. Харин иргэдийг ар гэрийн гачигдал, эмнэлгийн магадлагаа, албан томилолт, тусгай ажил үүрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн аймгаас гаргаж байгаа аж.

Аймгийн ОБГ-аас тухайн иргэний өргөдөл, регистрийн дугаар, нэвтрэх автомашины дугаар, хамт зорчих хүмүүсийн регистрийн дугаар, зорчигчийн нэр зэргийг тэмдэглэсэн нэвтрэх зөвшөөрлийг нотлох баримтад үндэслэн олгох аж.

Жишээлбэл эрүүл мэндийн шалтгаантай иргэн эмчилгээгээ нотолсон 13-ын А маягт, албан томилолтын хуваарь, төлөвлөгөө, ажил гүйцэтгэх гэрээ, нас барсан гэрчилгээ зэрэг тухайн зорчигчид шаардлагатай нотлох баримтаа бүрдүүлж зөвшөөрөл авсны дараа постоор нэвтрэх боломжтой.

Түүнчлэн нэгэнт аймгаас гарсан бол хөл хорионы хугацаанд буцаж нэвтрэх үндэслэл байхгүй ажээ. Тухайн очсон орон нутгийнхаа Онцгой комиссын шийдвэрийг дагах хэрэгтэйг албаны эх сурвалж онцоллоо.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед улс, нийслэл, орон нутгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, тусгагдсан хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй. Хэрвээ зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг байна. Жишээлбэл, хорио цээр тогтоосон үед төрийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар иргэнийг 250 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 2.5 сая төгрөгөөр торгох зохицуулалт байгаа юм.

Холбоотой мэдээ