"Spaces" төсөл Ховд аймагт албан ёсны байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-24 17:59:26

Ховд /МОНЦАМЭ/. Германы техникийн хамтын ажиллагааны “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төсөл Ховд аймагт хэрэгжиж буй.

Төслийн байр \оффис\-ны нээлт дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болжээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ч.Уранчимэг, “SPACES” төслийн удирдагч Др.Михаэл Трокенбродт бусад албаныхан оролцсон аж. 

Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, аймгийн удирдлагуудын Харилцан ойлголцлын санамж бичгээр баталсан тусгай хамгаалалттай газрын хоёр кластерт хэрэгжинэ.

Улмаар талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, байгаль хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд гол үр нөлөө үзүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Мөн ХБНГУ-ын дэмжлэгтэйгээр KFW Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” санхүүгийн хамтын ажиллагааны төсөлтэй нягт хамтран ажиллана гэв.

Холбоотой мэдээ