"Тайшир-Алтай ус хангамж" тѳслийн гадна цахилгаан хангамжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-01 21:39:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Тайшир-Алтай ус хангамж" төсөл 60 гаруй хувьтай явж байна хэмээн Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал мэдээлэв.


Тэгвэл өнөөдөр Улсын төсвийн 867 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг тѳслийн гадна цахилгаан хангамжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Энэхүү ажлын гүйцэтгэгчээр Говь-Алтай, Завхан аймгийг цахилгаан эрчим хүчээр хангагч "Алтай-Улиастайн эрчим хүч" ТӨХК ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 10,1 км зайд цахилгаан дамжуулах агаарын шугам болон 35,4 кВ хүчин чадалтай хоёр дэд станц барих ажээ. Гүйцэтгэгчийн зүгээс ирэх зургаадугаар сарын 15 гэхэд шугам сүлжээний ажлаа дуусган холбогдох газруудад хүлээлгэн өгөхөөр ийнхүү ажлаа эхэлжээ. Тѳслийн гадна цахилгаан хангамжийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж дууссанаар Тайшир сумаас татаж буй цэвэр усны хоолойд шаардагдах цахилгааны асуудал бүрэн шийдэгдэх юм. 


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд "Тайшир Алтай ус хангамж" төслийг 14 сая еврогийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу хоёр жилийн хугацаанд хэрэгжиж, Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52 км шугам хоолойгоор дамжуулан тус аймгийн төв Есөнбулаг суманд хүргэж хүн амыг ундны усны стандартад нийцсэн усаар хангах юм.


Холбоотой мэдээ