Онгоцны доголдлыг шалгаж гэмтлийг нарийвчлан тогтооно

Монголын мэдээ
batsaikhan@montsame.mn
2016-05-04 14:11:09

Ховдоос Улаанбаатархот руу ирэх гэж байсан “МИАТ” ТӨХК-ийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 онгоц хөөрөлтийн өмнөх гүйлтийн үедээ чиглэл алдсан явдал өчигдрийн  15:35 цагт болсныг  зорчигчид олон нийтийн сүлжээгээр мэдээлж шуугиулаад байна. Энэ тухай  албан ёсны мэдээллийг МИАТ ХК-аас өнөөдөр өглөө.

МИАТ ХК-ийн Стратегийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд,  нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер Ж.Нямсайхан, захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Баасанцэрэн нар хэвлэлийн бага  хурал хийх үеэрээ " ОМ7056  дугаартай онгоц хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед чиглэл алдсан. Уг онгоцыг үдшийн 23:35 цагт нисэх зурвасаас гаргаж, зогсоолд байрлуулан техник үйлчилгээ хийхээр боллоо. Ховдын зорчигчдыг “Аэромонголиа” компанийн “Фокер-50” онгоцоор хоёр хуваан нийслэлд авчраад байна. “Фокер-50” онгоцны эхний нислэгээр 48 зорчигч, хоёр дахь нислэгээр 42 зорчигч ирсэн. МИАТ компанийн техникийн баг Ховдод очоод байгаа. Одоогоор хөдөлгүүрийн дотоод дуран, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан үзлэгийг хийж байна. Ховд хотод ИНЕГ, Зам тээврийн яамны шинжлэн шалгах комисс очсон. Шалгалтын дүгнэлт гарах болоогүй" гэж мэдэгдлээ. Доголдсон онгоц нь 2002 онд Боинг компаниас шинээр түрээслэн авч 14 жил ашиглаж байгаа  аж.  Манай улсын иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт 20-иос дээш жилийн насжилттай онгоц ашиглахгүй гэж заасан байдаг тул 14 жил болсон онгоц хэвийн ажиллах горимтой юм байна. Уг онгоц Ирландын бүртгэлтэй түрээсийн онгоц учраас түрээслүүлэгч компани болоод  Европын аюулгүй ажиллагааны агентлагт гэмтсэн талаар мэдээлжээ. Цаг агаарын нөхцөл нислэг үйлдэж болохуйц, онгоцонд байсан 99 зорчигч гэмтээгүй гэдгийг ч дээрх нөхөд онцоллоо. Онгоцны техникийн дүгнэлт гартал “АэроМонголиа” компанийн  “Фокер-50” онгоцоор Ховдын зорчигчдод үйлчилнэ. Улаанбаатар Ховдын чиглэлд энэ оны 4 дүгээр сарын 16-наас эхлэн долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гаригт үйлчилгээ хийж байгаа. Онгоцны засвар үйлчилгээг бүрэн хийж дуусаад хэвийн горимд шилжүүлнэ гэж МИАТ-ын албаныхан хэллээ.

Ж.Батсайхан

гэрэл зуургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ