Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-05-01 11:26:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв бөгөөд Цаст богд Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул, үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь,  мазаалай, хавтгай, тахийн өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутаг олон бий. 


Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн байгалийн үзэсгэлэнт газар, нэн ховор амьтан, хүний гараар бүтээсэн гайхамшиг, музейн хосгүй үзмэрүүдийг “Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг”-аар баталсан юм. Эдгээр есөн гайхамшгийг танилцуулж байна. 


1. “ЭЭЖ ХАЙРХАН УУЛЫН БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗАР”: 

“Ээж Хайрхан уул" нь Цогт сумын нутагт байдаг. Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж Хайрхан уул” тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон "Ээж Хайрхан уул"-ыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтад авч улмаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Ээж хайрхан ууланд гадаад, дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой, 9 тогооны эхэндээ бяцхан баян бүрдтэй бөгөөд энэ баян бүрдийг нутгийн хөгшид даяанч ламын зуслан гэлцэн ам дамжин домог болгон ярьж байдаг билээ. Эдгээрээс гадна Ембүү хад, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий.


2. “ТӨРИЙН ТАХИЛГАТ СУТАЙ ХАЙРХАН УУЛ”: 

Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм. Энэ хайрханы нэрийг нутгийнхан Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай аймгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм. 



3. “МОНГОЛ ЭЛСНИЙ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР”: 

Монгол элсний орчмын нийт 349200 га газар нутгийг УИХ-ын 2010 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар авсан. Монгол элс нь Завхан голын хөндий дагуу баруун, баруун хойноос зүүн, зүүн урагш чиглэн 300 шахам км үргэлжлэн тогтсон элсэн хуримтлал юм. Элсэн хуримтлалд бөөрөг, хонхорт бөөрөг, манханжсан хонхорт бөөрөг манхан хэлхээ, цац суварган оргил бүхий өндөр манхан, бүрхэвч зэрэг элсэн хуримтлалд ялгарах хотгор гүдгэрийн бүхий л хэлбэрүүд байдаг бөгөөд Монгол элсний хойд захаар Завхан гол эмжин урсахын хамт Эрээн, Ажиг, Сангийн далай, Гүн зэрэг олон нуур тогтсон байдаг нь байгалийн үзэсгэлэнт байдал эко системийн өвөрмөц хослолыг бий болгожээ.




4. “ХҮНХЭР АМРАЛТ”: 

Дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өндөр өргөгдсөн. Амралтын бүсэд орших Хүнхэр голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокарбонат-кальци-магни-натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. 


5. “БУРХАН БУУДАЙ УУЛ”: 

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна. Нийт талбайн хэмжээ 52110 га. Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765 м өндөр мөнх цастай уул юм. 


6. “ТАЙШИРЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ, ГЭГЭЭН НУУР”

130 м өндөр хадан хавцлыг газрын гүнд 20 м голын эргээс дээш 50 м өндөр, 75 м өргөнтэй, 190 м урт далан барьж байгуулснаар 50 км/кв талбайтай, 930 сая шоо метр эзэлхүүн бүхий усан сантай нуур үүсгэсэн, хүмүүс болон техник хэрэгслийг далан дээр хүргэх 350 метр урттай тунел бүхий хүний гараар бүтсэн гайхамшигт бүтээл юм. 

Гэгээн нуурын ойролцоо байгалийн өвөрмөц тогтоц бүхий Харандаа хад буюу зургаан талтай баганан хүрмэн чулуунаас тогтсон толгой байдаг. Зургаан талтай хүрмэн чулуу ховор. Ийм толгой Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд байдаг. Мөн Солонгос улсын Чежү арлын баруун талын эрэгт байдаг аж.

Мөн Нарванчин гэгээний хийдийн туурь байдаг. Халхын 88 шидтэн Нарванчин гэгээн Б.Пүрэвжав, Дэмчиг бурхны хувилгаан Дүвчин дилав хутагт Б.Жамсранжав нарын Халх даяар алдартай хүрээ хийд эдүгээ туурь болон үлджээ. Хийдийн туурь 250-300 м2 орчим талбайтай. Тэнд 12,5м урт, 5 м өндөр 85 см өргөнтэй гол сүмийн хойд хана, түүний баруун, зүүн талд байх 8-10м урт, 1,6 м өндөр, 40 см өргөнтэй хоёр хананы үлдэц байдаг. Хананы үлдцийг ажиглахад хавтгай чулуугаар суурь тавиад дээр нь түүхий тоосгыг босоогоор нь өрж үйлджээ. Барилгын дээврийн зориулалттай хээтэй, хээгүй ваар шаазан эдлэлийн үлдэгдэл, нөмрөг ваар, хөх тоосгоны хагархай, энд тэндгүй хөглөрнө. Зэс  аяга, тахилын  цөгц,  чимэглэл зэрэг зүйлсийг хананы хөндийд шургуулсан байдаг ажээ. 


7. “ГОВИЙН ИХ ДАРХАН ГАЗРЫН А ХЭСЭГ, МАЗААЛАЙ”:

Говийн Их дархан цаазат газрын “А” хэсэг нь Төв Азийн хэт гандуу, эрс, тэс уур амьсгалтай, цөлийн бүсэд хамаарах ба энд ил задгай ус ховор, ургамлан бүрхэвч сийрэг, ядмаг, хүн, мал нутаглахад тохиромжгүй зэлүүд нутаг бөгөөд Эдрэнгийн нуруунаас баруун өмнө зүг улсын хил хүртэлх 1085 га нутгийг хамардаг юм.

Мазаалай нь Говийн их дархан цаазат газрын нутагт Атас Богд, Шар хулст, Цагаан богд зэрэг говийн дунд зэргийн уулс, тэдгээрийн дотор орших цөөн тооны булаг, шанд, баянбүрдийг түшиглэн амьдарна. Эдгээр уулс нь 100-200 км хүртэл зайтай ба баянбүрд, булаг шандууд нь хоорондоо ихэвчлэн 20-50 км, түүнээс ч хол байрлана. Эдгээр уулс нь цөөн тооны, ихэвчлэн ундарга багатай, жижиг булаг шандтай. Мазаалай Алтайн өвөр говьд хамгийн томд тооцогдох араатан амьтан бөгөөд илчлэг ихтэй, хангалттай хэмжээний хоол тэжээл шаардлагатай боловч орчин нөхцөлдөө зохицон ургамал голлосон, бага хэмжээний хоол тэжээлээр хооллож амьдарч иржээ. Мазаалай нь зундаа + 46 градус халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгал бүхий, говь цөлийн экологийн хүнд нөхцөлд амьдарч ирсэн.


8. “ТАВАН ЭЛС”: 

Говь-Алтай аймгийн төвөөс 134 км, Бигэр сумын төвөөс 17 км-т орших эртний хотын туурь дээр тогтсон элсэн манханыг “Таван элс” гэдэг. Элсэн манхан дотроос элсний нүүлтээр байн байн гарч ирэх их хотын туурь нь түүхчдийн анхаарлыг их татдаг. Эндээс алтан савны амсар, хос алтан ээмэг, оюу, номин, хүрэл эдлэлийн хэсэг зэрэг ховор олдворууд олдсон байдаг. Энэ хот нь битүү бургас, модон дотор байж байгаад дайны хөлд үрэгдэн сөнөжээ гэж нутгийн өтгөс үе дамжин хуучилсаар иржээ. Дээр үед ганц элсэн толгой байсан гэж хуучилдаг. Нэгэнт бут мод нь шатаж хувхайран элсний нүүдэл ирж тогтсон гэж үздэг. 


9. “ХҮРЭЛ МОРЬ”: 

Хүрэл морины дүрсийг урт сайхан биетэй, гоёмсог согоо чихтэй, нүдийг нь дугариг хэлбэртэй, нэвт цоорхой, дэлийг нь нарийсган өвдөг борвины үеийг залгаатай байдлаар урласнаас гадна сүүлийг мушгин гоёсон, эржгэр хээтэй хавтгай суурин дээр ихэд бодит байдлаар бүтэн хүрлээр урласнаараа онцлог юм. Ур хийцийн хувьд ордосоос олдсон морины дүрс, мөн Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ 3-7 дугаар зуунд хамаарагдана. Уг хүрэл морийг Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авсан байна.


Холбоотой мэдээ