Зээлдэгчдийн холбоо банкны зээлийн хүүг буулгахыг шаардав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-04 15:13:10

Өнөөдөр "Зууны мэдээ" хэвлэл мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлаар Зээлдэгчдийн холбооноос Монголбанк болон Арилжааны банкуудад хандан мэдэгдэл хийлээ.

Тус холбооныхон " Монголын арилжааны банкнаас олгож байгаа зээлийн хүү хэт өндөр байгаа. Хүүг нь 15 хувь хүртэл бууруулах хэрэгтэй" гэж мэдэгдээд Зээлдэгчдийн холбооны шаардлагыг арилжааны нэр бүхий 5 банкинд хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тэдний шаардлагад “Барьцаанд байгаа эд хөрөнгийг зах зээлийн ханшаар бодож тооцох, хэт нэг талын банкны эрх ашгийг хамгаалсан зээлийн гэрээнүүдийг харилцан ашигтай эргэн төлөх боломжтой зүйл заалтуудаар өөрчлөх, жилийн 15 хувиас дээш хүүтэй зээлийн хүүг буулгах” асуудлыг хөнджээ. Тус холбооны гаргасан мэдэгдэлд 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 693.9 мянган иргэн төрөл бүрийн зээлтэй байгаагаас найдваргүй зээлдэгчийн хувь өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өсчээ. Зээлдэгчдийн  холбооны хуулийн зөвлөх Ц.Монгол “Зах зээлийн эдийн засгийн уналтын үед иргэд зээлээ буцааж төлж чадахгүй болсон. Тиймээс Үндсэн Хуулийн Цэцэд хандаж  банкуудад олгосон давуу эрхийг алга болгож өгөөч ээ. Хэрэв банкныхаа хүүг хугацаандаа төлж чадахгүй тохиолдолд хүүг нь зогсоох арга хэмжээ авч өгөхийг хүссэн"  гэж ярив.

Ж.Батсайхан

гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ