Он гарсаар галзуу өвчний 41 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-30 10:24:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт он гарсаар мал, амьтны галзуу өвчний 41 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.


Эдгээр тохиолдлын ихэнх нь нохой бол 2 чоно, 1 үхэр, 9 ямаа бүртгэгдсэн тухай тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэдээлэв. Галзуу өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн мал амьтанд хазуулж, ноцуулж, шүлсдүүлсэн иргэдийг галзуугийн 28 хоногийн вакцин эмчилгээнд хамруулж, харьяа ЭМТ болон Халдвартын тасагт таван тунт вакцин хийдэг байна. Харин галзуурсан мал амьтныг тус аймгийн мал эмнэлгийн зүгээс устгал, халваргүйжүүлэлт хийдэг ажээ. 

Хамгийн сүүлийн тохиолдол өнгөрсөн долоо хоногт Есөнбулаг сумын Наран багт ямаа галзуугаар өвчилсөн нь баталгаажжээ. Үүнтэй холбоотойгоор тус багийн 1000 гаруй мал сүрэгт галзуугийн вакцинжуулалт хийж, Есөнбулаг сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. 


Галзуу өвчнөөр таван хошуу мал, тэжээвэр, зэрлэг амьтад, хүн өвчилдөг бөгөөд мэдрэлийн хэт цочрол болон саажих шинж тэмдгээр илэрдэг “А” зэрэглэлийн ангилалд багтдаг зоонозын хурц халдварт өвчин юм. Тус өвчин нь хавар, намрын улиралд мал, амьтны дархлаа сулрах үеэр идэвхждэг Зоонозын төрлийн мал, амьтнаас хүнд халдварлах аюултай тул ард иргэдийг энэ улиралд тэжээвэр амьтнаа тарилга туулганд хамруулж, сонор сэрэмжтэй байхыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа. Иймээс ард иргэдийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэлээ. 

-Галзуугийн сэжигтэй мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн мал, амьтдыг устгуулах,

-Төрийн байгууллагын зүгээс зэрлэг амьтныг өгөөш вакцин хэрэглэж дархлаажуулах, гэрийн тэжээвэр амьтдын тооллого судалгааг хийж вакцинжуулах үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах,

-Хот суурин газарт эзэнгүй нохойг хяналтад авах, тэжээвэр нохой, муурыг мал эмнэлгийн хяналтад байлгаж, вакцинжуулах, галзуугийн голомттой бүс нутагт амьдардаг бол малаа вакцинжуулах,

-Галзуугийн сэжигтэй болон галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулж, ноцуулсан тохиолдолд шархыг таван минутын турш сайтар савандаж угаах, спирт, тамедин зэрэг уусмалаар шавшиж угаах

-Яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, вакцин, ийлдэс тариулж, бүрэн тун хийлгэж дуустал эмчийн хяналтад байхыг зөвлөсөн юм.


Холбоотой мэдээ