Б.Баттөмөр: Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-30 14:51:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын гишүүд “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өнөөдөр танилцууллаа. 


УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг тогтоолыг баталсан юм. Тогтоолд, эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ. Мөн банкийг хянах, шалгах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоод зах зээлийн хэлцлээр бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ чиглэлээр ажиллах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуульд тусгажээ. 


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах хүрээнд түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхээр тогтоолд тусгасан. Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ноолуурын түүхий эдийн экспорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргахаар тусгасан. Хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтууд уг тогтоолд орсон" гэв. 


Мөн ноолуурын экспортын талаарх сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир,  “Тогтоолд ноолууртай холбоотой дөрвөн заалт орсон. Засгийн газраас гаргасан 101 тоот тогтоолын жишгээр Монголд жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Иймд тогтоолд тусгаснаар, тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ. Яам холбогдох журмаа боловсруулж, зохион байгуулалтаа хийнэ. Өнөөдрийн байдлаар, зүүн дөрвөн аймгаас ноолуур авч эхэлсэн. Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, ноолуур худалдан авч байна” гэлээ.

Холбоотой мэдээ