С.Пүрэвжаргал: Бизнес эрхэлж байгаа бүх иргэн, аж ахуйн нэгж байгууллага төлбөрийн баримт олгох үүрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-02 12:25:35

Завхан /МОНЦАМЭ/. Худалдаа,үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч  иргэн, хуулийн этгээд нь иргэдэд НӨАТ-ын и-баримт өгөх үүрэгтэй байдаг. Тухайлбал манай аймагт татварын и-баримт өгдөггүй, хүнсний ногоо, сүү тараг худалдан авбал баримт өгөхгүй. Тамхи, архины татвар өндөр байдаг учраас НӨАТ-ын и-баримт өгөхгүй. Эсвэл үнийн дүн зөрүүтэй баримт олгосон, баримт авна гэвэл 10 хувийг нь нэмж төлнө гэх. Хямдарсан бараанд баримт өгөхгүй гэх мэт шалтгаануудыг аж ахуйн нэгжүүд, бүх төрлийн худалдаа эрхлэгчид хэлдэг тухай цахим орчинд иргэд санал гомдлоо мэдээлсэнтэй холбоотойгоор бизнесийн байгууллагын энэ бүх тайлбарууд зөв үү? Мөн НӨАТ-ын сугалааны урамшуулал, буцаан олголт болон азтан болсон тохиолдолд хэрхэн мэдээллээ баталгаажуулах талаарх тайлбарыг аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах албаны дарга, татварын улсын байцаагч С.Пүрэвжаргалтай уулзаж тодрууллаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Зарим худалдааны төв НӨАТ-ын и-баримтыг нь олгохгүйгээр бараа бүтээгдэхүүнээ 10 хувь хөнгөлдөг. Иргэд худалдан авалтын хөнгөлөлт авсан ч төлбөрийн баримтаа авах эрхтэй юу?

-Баримт олгохгүй байна гэдэг нь өөрөө зөрчил юм. Ямар нэгэн байдлаар борлуулалт хийж, үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал төлбөрийн баримт олгох ёстой. Нөгөө талаас үйлчлүүлэгчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгосон ч хуульд зааснаар баримт өгөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийн баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.
-Иргэд, аж ахуйн нэгжийн буцаан олголттой болон сугалаанд оролцох эрхтэй баримтаа хэрхэн ялгах вэ? Мөн тухайн баримтыг аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн асуудал иргэдийн дунд түгээмэл байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Энэ тохиолдолд татвар төлөгч, худалдан авагчдын хувьд төөрөлдөх асуудал байдаг. Сугалааны дугаартай, буцаан олголттой баримтыг НӨАТ-ын суутган төлөгч газрууд олгодог. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, иргэдийн жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн болон аж ахуй нэгжээс авсан төлбөрийн баримт нь буцаан олголтын хоёр хувь болон сугалааны дугаар бүхий баримт олгогдоно. Мөн жилийн орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй, НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж ахуйн нэгжээс худалдан авсан бараа үйлчилгээнд олгогдсон төлбөрийн баримт зөвхөн сугалаанд оролцох баримт олгож байгаа. Ер нь татвар төлөгчид ebarimt.mn цахим хуудсаар орж мэдээллийг маш сайн авч байх хэрэгтэй. Хоёрдугаарт, аж ахуй нэгж илгээгээгүй болон үнийн дүн зөрүүтэй тохиолдолд баримтаа устгаад дахин давтагдашгүй дугаар бүхий 32 оронтой дугаараар дахин бүртгүүлэх боломжтой. Хэрэв засагдахгүй байвал аймгийн Татварын хэлтэст хандах болон 1800-1288 дугаарт холбогдож гомдол бүртгүүлэн шийдүүлэх боломжтой юм.


-Эрүүл мэндийн зарим байгууллага, тэр дундаа шүдний хувийн эмнэлэг, боловсролын байгууллагууд иргэдэд НӨАТ-ын баримт өгдөггүй. НӨАТ-ын баримт олгохгүй байхыг хуулиар зөвшөөрсөн салбарууд байдаг уу?

-Бизнес эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд, бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлсэн л бол тухай бүртээ и-баримт буюу төлбөрийн баримт өгөх ёстой. Бизнес эрхлэгчийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс үл хамаарч борлуулалт хийсэн тухай бүр төлбөрийн баримтыг худалдан авагчдад олгох үүрэгтэй юм.Тухайлбал, шүдний эмнэлэг, жижиглэн болон бөөний худалдааны байгууллага, төрийн бус байгууллага, эмнэлэг, төлбөртэйгөөр боловсрол олгох төв, сургуулиуд гэх мэтчилэн төлбөрийн баримтыг олгоно.

-Тэгэхээр бүх байгууллага төлбөрийн баримт өгөх ёстой гэж ойлгож болох уу?

-Тийм. их, дээд сургууль болон хувийн цэцэрлэгүүд төлбөртэй үйл ажиллагаа явуулж байгаа бол төлбөрийн баримт олгох ёстой. Бизнес эрхэлж байгаа бүх иргэн аж ахуйн нэгж байгууллага төлбөрийн баримт олгох үүрэгтэй юм.

-Иргэд хэрхэн, яаж гомдол гаргах вэ?

-Иргэд гомдлоо Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаар болон Завхан аймгийн Татварын хэлтсийн 70462134 дугаарт хандаж болно.

-Тэгвэл дээрх зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцдог вэ?

-И-баримт олгоогүй бол хувь хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай. Харин бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

-НӨАТ-ын буцаан олголтыг хэзээ олгох вэ?

-2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгодог болсон. 2020 оны НӨАТ-ын буцаан олголт нэгдүгээр улиралд буюу дөрөвдүгээр сард, Хоёрдугаар улирлынх нь долоодугаар сард олгогдоно. Харин гуравдугаар улирлынх 10 дугаар сард, дөрөвдүгээр улирлынх нь дараа оны нэгдүгээр сард тус тус олгогдоно.

-Иргэдийн хувийн мэдээлэл зөрүүтэй болон хугацаанд нь баримтаа бүртгүүлж амжаагүй бол хэрхэн бүртгүүлж, урамшууллаа авах вэ?

-Хугацаанд нь хувийн мэдээллээ залруулаагүйгээс буцаагдсан эсвэл хугацаанд нь төлбөрийн баримтаа бүртгүүлээгүйн улмаас тухайн улиралд олгогдоогүй урамшууллыг дараа улиралд өссөн дүнгээр, тухайн жилд олгогдоогүй урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно.


-Худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгээс хамаараад НӨАТ-ын хоёр хувийг буцаан авдаг гэдэг боловч хэдэн төгрөг нэмэгдэж ороод байгааг хүмүүс ойлгодоггүй. Та дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-НӨАТ-ын хуульд урамшууллын системийг оруулж ирснийг бүгд мэднэ. Тодруулбал, сугалааны тохирол болон буцаан олгох хэлбэрээр урамшууллыг олгож байна. Урамшуулал буюу буцаан олголтыг зарим хүмүүс 20 болон хоёр хувь гэж ярьдаг. Ер нь бол адилхан л даа. Харин тооцоолол хийхдээ төлсөн НӨАТ-ын 20 хувь, нийт дүнгийн хоёр хувь гэж тооцдог юм.

НӨАТ суутган төлөгч буюу борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бизнес эрхлэгч НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдэж, харьяа татварын албанаас гэрчилгээ авдаг. Жишээлбэл, “А” хүнсний дэлгүүрээс /НӨАТ суутган төлөгч/ худалдан авагч 2200 төгрөгөөр худалдан авалт хийж төлбөрийн баримтыг хүлээн авсан гэж бодъё. Уг и-баримт буюу төлбөрийн баримтад нийт 2200 төгрөг, үүнээс НӨАТ (10%)-200 төгрөг гэж бичсэн байсан гэж авч үзье. Тэгэхээр худалдан авагч иргэнд очих буцаан олголт нь НӨАТ-200 төгрөгийн 20 хувь буюу 40 төгрөг болно гэсэн үг. Энэ жишээнд дурдсан А хүнсний дэлгүүр нь НӨАТ суутган төлөгч татвар төлөгч учир тухайн төлбөрийн баримт нь сугалаандаа хамрагдах боломжтой, давхар буцаан олголттой буюу 20 хувийнх нь урамшуулал тооцогдож орно гэсэн үг юм.

-Сугалааны тохирлоор  азтан болсон тохиолдолд иргэд мэдээллээ хэрхэн баталгаажуулах вэ?

-Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ нь  4, 5, 6 дугаар зэрэглэлд хамаарах бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт хандаж сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулна. Харин сугалааны тохирлын урамшууллын хэмжээ нь 1, 2, 3 дугаар зэрэглэлийн урамшуулал болон супер урамшуулалд хамаарах бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт хандан хүсэлтээ баталгаажуулан, харьяалагдах татварын албанд биечлэн очиж, урамшуулал авах хүсэлтээ сугалааны тасалбар, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт бүрдүүлж өгдөг.

-Завхан аймагт азтан болон урамшуулал авах хүсэлтээ Татварын хэлтэст өгсөн иргэн хэр олон байдаг вэ?

-Байлгүй яах вэ. Тухайлбал 2019 онд сугалааны тохирлоор 1.000.000 төгрөгийн азтан болсон 19 иргэн, 5.000.000 төгрөгийн азтан болсон хоёр иргэн журмын материалаа Татварын хэлтэст бүрдүүлэн өгч урамшууллаа авсан байгаа.

 -Танаас асуугаагүй үлдсэн зүйл байж болох юм?

-Нийт иргэддээ хандаж хэлэхэд худалдан авалт хийх бүрдээ сугалааны дугаар бүхий цахим төлбөрийн баримтаа авч урамшуулал, буцаан олголтдоо хамрагдахыг хүсэж байна. 

-Таны ажилд амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ