Чүнчон хотын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-04 20:19:16

Ирэх долдугаар сард Дундговь аймгийн театрын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийх тухай хүсэлтийг БНСУ- ын Чүнчон хотын театраас Дундговь аймагт ирүүлжээ. Хүсэлтийг хүлээн авч аймгийн Засаг дарга ажлын хэсэг байгуулсан байна.

Уран бүтээлчдийн хамтарсан тоглолт нь хоёр орны язгуур урлагийг сурталчлах, цаашид соёл, урлагийн салбарт туршлага солилцон хамтран ажиллах харилцаа холбоо тогтоох эхлэл болох юм байна.

Ажлын хэсэг долдугаар сарын 3-10-ны өдрүүдэд БНСУ- ын Чүнчон хотын төлөөлөгчдийг хүлээн авч, бүтээлийн хамтарсан тоглолт хийх, хамтын ажиллагааны харилцаа тогтоох, харилцан туршлага солилцох, байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах зэргээр хөтөлбөрт заасан үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.

Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Л.Ганбатыг томилсон байна.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ