Бийск хүрсэн тэмээн жин

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-04 15:47:14
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн дарга 18 настай Борондангийн Лувсанд 1941 оны намар баруун Монголоос Аугаа их Эх орны дайны хүнд үед Зөвлөлтийн Улаан армид бэлэг болгон өгч буй агт морь, дулаан хувцас, хоол хүнс тээсэн тэмээн жинг ахлан урт аянд гарах үүрэг оногджээ.  


Гитлерийн Герман ЗХУ-д халдан довтолсон мэдээг монголчууд өөртөө тохиолдсон гай зовлон мэт хүлээн авч Зөвлөлтийн цэрэг эрсэд явуулах бэлэг цуглуулах сайн дурын хөдөлгөөн баруун хязгаарт өрнүүлсэн нь энэ юм. 1941 оны есдүгээр сарын 17-нд Ховд аймгийн Манхан сумаас хөдөлж хамгийн ойролцоох Зөвлөлтийн төмөр замын өртөө Бийск хот хүртэл 1030 км зам туулсан жингийн цуваанд 1200 орчим тэмээ, 110 орчим тэмээчин багтсан гэдэг.   


Ах дүүгийн харилцаатай Оросын ард түмэнд илгээсэн 240 тонн бэлгэнд 2700 агт морь, 500 мянга орчим төгрөгийн эд зүйл буюу үхэр, хонь, буга, зээр, зэрлэг гахайн мах, ангийн үсэн хувцас, эсгий гутал зэргээс гадна дайн байлдааны техник хэрэгсэлд хайлуулан хэрэглэх боломжтой бурхны шашны уран хийц бүхий 120 тонн өнгөт металл багтсан байсныг зарим эх сурвалжид тэмдэглэжээ. 


Тэмээн жин гол мөрөн, уул толгод хавсарсан хэцүү замыг туулан 5 сарын дараа зорьсон газраа хүрчээ. Аялал 12, нэгдүгээр сарын хахир хүйтнийг дамнан үргэлжилсэн учир тэмээчид хоёр тэмээний голд хэвтэр засан жавар тачигнасан өвлийн хүйтэн шөнийг өнгөрөөдөг байж. Энэ хүнд нөхцөлийг дийлэлгүй өвдсөн нэгнийгээ замын айлд үлдээгээд цааш явдаг байсан бөгөөд бие биенээ зоригжуулан “Идэр жинчин”, “Сийлэн бор”, “Баян монгол” зэрэг дууг аялан явдаг байснаа жингийн ахлагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Б.Лувсан хожим нь дурсан ярьсан байдаг. 


“1942 оны өвөл их хүйтэн байсан. -30 хэм бидний хувьд дулаанд тооцогддог байлаа. Аяллын хамгийн хэцүү хэсэг нь эхний тэмээний хоргол сүүлийн тэмээний толгой дээр унадаг Чике-Таманы давааг гатлах байсан. Огцом, аюултай эрэг ихтэй энэ уулыг давахад олон тэмээ үрэгдсэн. Үхэж үрэгдсэн тэмээнүүдийн ачааг хамгийн тэсвэртэй хар тэмээнд шилжүүлээд хожим нь буулгахад ЗИС-5 машины тэвш бараг дүүрч билээ. Зам зуур бүх тэмээ ганцхан нутгийнхаа зүг харан хэвтсэн байдаг сан..“   



Алтайн нурууны хоёр том мөсөн голыг гатлахад мөсөн дээр явахад зориулагдаагүй говийн амьтны зөөлөн тавхай гулгаж, шалбарч жингийн цувааны ард улаан мөр татах учир нутгийн оршин суугчдаар арьс, шир, хивсээр тэмээнд “гутал” оёхыг заалгаж, бусад хэцүү замыг туулахдаа модны мөчир, хувцас, үнс нурам, элс зэргийг ашиглан тэмээнд гарц хийж өгдөг байжээ.


Алтайн оршин суугчид жин тээгчдийг халуун дотноор угтаж хооллож ундлан, тэмээгээ амраах боломж олгон Бийск хүрэхэд байгаа бүхнээ зориулж байсныг жингийн ахлагч тэмдэглэн ярьсан байдаг.


Жингийн цуваа 5 сар аялсны эцэст 1942 оны хоёрдугаар сарын эхээр Бийск хотод хүрэлцэн очиход Улаан армийн офицерууд утган авчээ. Зуу зуун тэмээний ачааг буулгалцахад нутгийн оршин суугчдыг дайчлан монголчуудын бэлгийг тэр даруйд нь фронт руу илгээжээ. Хэдий дайн дажинтай хэцүү цаг байсан ч оросууд монголчуудын сэтгэлийн хариуд тэмээн жинг улаанбуудай, гурил, элсэн чихэр, цайгаар “цэнэглэн” үдсэн гэдэг. Тэмээн жин буцах үед хаврын урь орсон байсан бөгөөд 3 сар аялан 1942 оны тавдугаар сард Ховд аймгийн Манхан сумандаа иржээ.


Холбоотой мэдээ