“Формула-1”-ийн зам дээр түр эмнэлэг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-04 15:15:24

МЕХИКО. /РИА Новости/. 1963 оноос хойш “Формула-1” уралдаан явагдаж буй ах дүү Родригесийн нэрэмжит автодром буюу тусгай замыг СОVID-19 өвчний халдвар авсан хүмүүст зориулан түр эмнэлэг болгон ашиглана. Энэ тухай Мексик улсын Нийгмийн халамжийн хүрээлэн /IMSS/ мэдээллээ. 


Мэдээлэлд дурдсанаар, түр эмнэлэгт нийт 218 ор байрлуулахаас 26-ыг нь эрчимт эмчилгээнд ашиглах ба өвчин нь илааршиж буй хүмүүст зориулан тус бүр нь 24 ор бүхий 8 эмнэлгийн хэсгийг /модуль/ байгуулах ажээ.

Б

үс нутгийн хэмжээнд Мехико хотод хамгийн олон хүн коронавирусний халдвар аваад байгаа бөгөөд одоогийн байдлаар 1894 хүн СОVID-19-ээр өвчилжээ. Эрүүл мэндийн яамны мэдээллээр, цар тахлын оргил үеийн дараах 10-15 хоногт эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрэхээр байна. Энэ өдрүүдэд Мехикод хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо 1800-д хүрч магадгүй хэмээн тус яам тооцоолжээ.


Мексик улсад 2 дугаар сарын 28-нд хамгийн анх коронавирусний халдварыг илрүүлснээс хойш 23 471 халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нас барсан хүмүүсийн тоо 2154 /өдөрт 93 хүн/-д хүрчээ.  


Халдварын оргил үе 5 дугаар сарын 6-нд тохиох ба үүний дараа өвчлөл буурна гэж Эрүүл мэндийн яам тооцоолжээ. Хөл хорио тогтоох шийдвэр Мексик улсад энэ сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэх боловч өвчлөл багатай бүс нутгуудад 18-ны өдрөөс эхлэн хөл хориог үе шаттайгаар цуцалж магадгүй байна.  

Холбоотой мэдээ