Дөрвөд далай ханы хутга
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний сэргэн мандалтын их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсан түүхэн хүн болох Дөрвөд далай хан Түмэндэлгэржавын эдэлж хэрэглэж байсан зарим эд зүйлс Увс аймгин Музейд хадгалагдаж байна.
Тухайлбал, энэхүү хутгыг хөөж цоолборлох аргаар хийсэн ба хэт хутганы хуйг зандан модоор, дээд аман хэсгийг нь битүү мөнгөлж, дээр нь 2 луу сийлбэрлэж, дээд амсар хэсэгт нь шааригтай лууны толгой товойлгож мөнгөөр урлажээ. Мөн зааны ясаар хийсэн 2 ширхэг савхтай, савхны дээд толгой хэсэгт мөнгөөр гоёж хийсэн бөгжтэй бөгөөд хутга нь хүрэн өнгийн суман модон иштэй, бөгс хэсгийг нь мөнгөлж цэцгэн хээ сийлбэрлэсэн байна. Уг хутга дээр 8 ширхэг хадаастай, хутганы тольтон дээр крилл Н үсэгтэй. Хэт хутгыг 1956 онд Музейн ахмад ажилтан Б.Самбуу Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас сурвалжлан олж музейн сан хөмрөгт оруулжээ. Далай ханы хутгыг XIX зууны сүүл XX зууны эхэн үед Дөрвөд далай ханы алдарт дархан Арьсан-Хавдар урласан байна.