Шамбалын орон, Ханбаянзүрх хайрхан руу зорчих иргэдийн хөл хөдөлгөөн ихэсчээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-05-11 17:56:01

Дорноговь /МОНЦАМЭ/.Урин дулааны улирал ирсэн энэ цаг үед амралтын өдрийг тааруулан нийслэл болон бусад аймгаас Дорноговь аймгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн ихэсчээ

Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод байгаа ч авто тээврийн хөдөлгөөнийг хориглоогүй учир иргэд Энергийн төв, Шамбалын орон, Ханбаянзүрх хайрхан руу чөлөөтэй зорчиж байна.

Сүсэгтэн олон тухайн орон нутагт зорчихдоо амны хаалт зүүгээгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлаагүй, замын хүнсээ дундаа хэрэглэхээс гадна хэт олноороо явах байдал нийтлэг байгаа аж.

Монгол Улсад коронавирусний халдвар гадаад улсаас зөөвөрлөгдөн ирж байгаа тохиолдол нэмэгдэж байгаа учир хүн бүр хувийн ариун цэврийг сахиж, амны хаалтыг байнга зүүж, шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутагт олноороо зорчихгүй байх хэрэгтэй байгааг албаныхан онцлов.

Дорноговь аймгийн Сайншанд суманд байх Өвөрбаясгалант Хамарын хийд, Ханбаянзүрх уулн орчмын нутаг говийн бүсийн аялал жуулчлалын томоохон бүс юм.

Өнгөрсөн жил зуун хорь гаруй мянган жуулчин Хамарын хийдэд зочилжээ. Дорноговьд ирэх гадаад жуулчдын ихэнхийг Өвөрмонгол, хойд нутгаас Буриадууд эзэлж байна.

Холбоотой мэдээ